“Годрон өвчин 68 жилийн өмнө бүртгэгдсэн учраас оношлуур байгаагүй”
Монгол Улсад 68 жилийн өмнө бүртгэгдэж байсан малын гоц халдварт “ямааны годрон” өвчин энэ онд бүртгэгдсэн гэдгийг албаныхан мэдээлсэн. Тодруулбал, 2024 оны аравдугаар сарын 10-нд Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл сумдад гоц халдварт ямааны годрон өвчин дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
Энэ талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяагаас тодрууллаа. Тэрбээр “Дорноговь аймгийн сумдад хорио цээрийн дэглэм тогтоож, тандалт судалгааг хийж байна. Одоогийн байдлаар өвчилсөн 13 мянга гаруй ямааг устгасан. Сумдад 2024 оны аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хязгаарлалт тогтоож, бид нөлөөллийн үнэлгээг хийж байна. Хатанбулаг суманд 2024 оны долдугаар сарын 6-ны өдөр анх дуудлага өгч, малын өвчин зогсохгүй байсан тул есдүгээр сарын 30-нд ажлын хэсэг тус суманд ажилласан. Ажлын хэсгийн авсан дээжээс Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2024 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 24-5643 дугаар шинжилгээгээр ямааны гоц халдварт өвчин болох нь оношлогдсон.
Энэ өвчин анх 1956 онд Ховд аймагт бүртгэгдэж байсан бөгөөд олон жил бүртгэгдээгүй гоц халдварт өвчин учраас оношлуур байгаагүй.
Хамтран ажилладаг олон улсын байгууллагаар оношлуурыг оруулж ирж, генийн шинжилгээгээр баталгаажуулсан. Хатанбулаг сумаас 28 км газрын цаана хар сүүлт нутагладаг юм байна. Урьдчилсан байдлаар хар сүүлтээр дамжин гоц халдварт өвчин тархсан байж болзошгүй. Гэхдээ Монгол Улсад энэ гоц халдварт өвчний вакцин байгаа” гэдэг мэдээллийг өглөө.
Дорноговь аймгийн онцгой камиссын шийдвэр гарч дээрх сумдад мэргэжлийн багууд ажиллаж өвчний нөхцөл байдал, тархалтын хүрээ, цаашид авах арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна.
- Годрон өвчнөөр зөвхөн ямаа өвчлөх бөгөөд бусад төрлийн мал өвчлөхгүй. Ямаа нь нас, хүйс, үүлдэр, угсаа харгалзахгүйгээр өвчлөх боловч өсвөр насны ямаа илүү өвчлөмтгий болно. Мөн янгир ямаа өвчилнө. Өвчин гарсан суурийн ямаа бараг толгой дараалан өвчилж үхнэ. Ердийн нөхцөлд халдвар агаар дуслын замаар дамжина. Бэлчээр, ус нэгтэй газарт халдварт богино хугацаанд сүрэгт тархана.
- Тухайн сүрэгт өвчний шинж тэмдэг илрэхдээ 2-3 ямаа идэхгүй болж, бөгтийж зогсох, явж чадахгүй болж сүргээс хоцорч, халуурч, амьсгаадах шинж тэмдэг илрээд 1-2 хоногт антибиотик хэрэглэхгүй бол шууд үхнэ.
- Иймд малчид иргэд дээрх сумдаар аль болох зорчихгүй, дамжин өнгөрөхгүй байх, мал худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Дээрх шинж тэмдэг мэдэгдвэл нэн яаралтай мал эмнэлгийн тасагт /88188693/ мэдэгдэнэ үү.
Дорноговь аймгийн Эргэл багийн Хөтөл ус, Бор толгой, Олон-Овоо, Хашаатын ус, Тайжийн тал Үзүүрийн хойд бууц, Амны бууц, Буттайн баруун цагаан гүвээ, Амна ус багийн Булшт, Өмнө Жаргалант, Жаргалант, 2 дугаар голомтыг Эргэл багийн буттайн цагаан гүвээ, 62-ын зогсоол, Баян мод, Шувуун майнт, 3 дугаар голомтыг Эргэл багийн зүүн цагаан гүвээ Заваг, цагаан хав, Баянгийн зоо, Шар модны хоолой газруудыг хамруулан 2024 оны аравдугаар сарын 14-ний өдрөөс хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Орон нутагт Мал эмнэлгийн ерөнхий газар, аймгийн Мал эмнэлгийн газар, Мал эмнэлгийн нэгж хамтран үзлэг тандалтын гурван бүлэг байгуулан ажиллаж байна.
https://news.mn/r/2759748/
URL: