АН-ынхны талцал идэвхжив

АН-ынхны талцал идэвхжив

УИХ-ын болон орон нутгийн сонгууль дуусав. Одоо 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгал ортол хэсэгтээ жаахан амрах нь. Гэхдээ бид хийсэн сонголтынхоо үр дүнг амсана. Тэр зуурт ялагдсан намууд дотооддоо хариуцлага тооцох, алдаагаа дүгнэж цэгнэх учиртай. Ялангуяа МАН-тай тулж чадах ганц нам хэмээн итгэсээр ирсэн АН-ынхан энэ өдрүүдэд алдаагаа өөрсдөөсөө хайхаар УИХ дахь бүлэг болон төв намтайгаа хамтарсан ажлын хэсэг байгуулжээ. УИХ-ын болон өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан орон нутгийн сонгуульд тус нам ээлжит удаагаа ялагдлаа. Тиймээс шат шатны дарга нартаа хариуцлага тооцох тухай ярьж, орны хүмүүсийнх нь сураг ч дуулдаж эхлэв. Зарим хүн сайн дураар өөрийнхөө нэрийг санал болгож ч байна. 2016 оноос хойш болсон УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн найман сонгуулийн долоод нь тэд ялагдаад буй юм.

Сонгуулиар торгоосон эв нэгдэл

2016 оны сонгуулийн үр дүнгээр АН-ынхан есөн суудал л авсан юм. Уг нь өмнөх дөрвөн жилд нь олонхыг бүрдүүлж, төрийн эрхийг барьж байсан билээ. Мөн нийслэлийн ИТХ-д ч 26 суудлаас 11 төлөөлөлтэй үлдсэн байдаг. Тус намын дүрэмд УИХ-ын сонгуульд олонхын суудал аваагүй бол дарга нь хариуцлага хүлээж огцрох тухай заалт бий. Орон нутгийн сонгуулиар амжилт гаргаагүй шат шатны намын дарга нарт ч энэ заалт үйлчилдэг. Тухайн үед тус намын дарга байсан З.Энхболд энэ ёсоор халаагаа өгч, оронд нь С.Эрдэнэ сонгогдсон юм.

2017 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялж, Х.Баттулга сонгогдсон. Сүүлийн найман жилд АН-ынхны ялсан эхний бөгөөд сүүлийн сонгууль нь энэ байлаа. Хэдийгээр Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцсон ч тэд 2020 онд ялагдлаа үргэлжлүүлж, парламент дахь суудлаа ердөө хоёроор л ахиулсан байна. Тухайн жилийн орон нутгийн сонгуульд ч АН-д аз гийсэнгүй. Гэвч С.Эрдэнэ хариуцлага хүлээж, намын даргын албаа өгсөнгүй. Эсрэгээр нь энэ намыг талцуулж, гишүүд нь хоёр хуваагдан хөл, толгой нь олдохоо больсон. Хоёр даргатай, хоёр тамгатай. Дотроо учраа олохгүй, парламент дахь хэдэн гишүүн нь сөрөг хүчний үүргээ ч олигтой гүйцэтгэж чадсангүй. Ингэж явсаар 2023 онд тэд сая нэг нэгдэж, Л.Гантөмөрийг даргаа болгосон билээ. Тус намын нэгэн гишүүн “Энэ эв нэгдэл удахгүй. Үнэндээ сонгууль дөхсөн учраас хүчээр л эвлэж байна” гэж байсан юм. Тэр ч ёсоор болж, сонгууль болтол түр зуур торгоож байсан эв нэгдэл нь эдүгээ суларч эхэлжээ.

УИХ-д АН-аас 42 хүн сонгогдож, өмнөх төлөөллөө хоёр дахин нэмсэн. Гэвч олонх болоогүй, ялж чадаагүй. Мөн нийслэлийн ИТХ-ын сонгуулиар долоо байсан төлөөллөө сая тав болгон бууруулав. Тиймээс намын дарга Л.Гантөмөр, нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт нар хариуцлагаа хүлээх ёстой болж байна. Т.Батцогт ч үүнийгээ хүлээн зөвшөөрч буй бөгөөд намын дарга Л.Гантөмөр, генсекийн үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал нар хамт ажлаа өгч, хариуцлага үүрэх ёстой гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр “Намын дарга Л.Гантөмөр орон нутгийн сонгуульд намаа дэмжиж байр сууриа илэрхийлээгүй. Төв намаас бидэнд 200 сая төгрөгийн л дэмжлэг үзүүлсэн. Өрсөлдөгчид сонсвол инээд нь хүрэх байх. Орон нутгийн сонгуульд манай намын залуус харин ч сайн оролцлоо. Хэдийгээр нийслэлийн ИТХ-д ялагдсан ч нэр дэвшигчдийн маань авсан саналын зөрүү ялсан хүмүүсийнхээс маш бага байсан” хэмээн ярьжээ. Үнэхээр ч уг сонгуулиар намын дарга нь харагдаагүй. Тэрбээр Засгийн газрын Тэргүүн шадар сайдын албан тушаалаар намынхаа эрх ашгийг арилжиж орхисон бололтой. Сонгуулийн дараа гишүүд нь энэ тухай гомдоллож байхад ч Л.Гантөмөр ямар нэг тайлбар хийхгүй байна. Түүнийг огцруулах, солих тухай яриа АН дотор эрчимжиж, орны хүмүүсийг нь ч санал болгож эхэлжээ.

Ч.Лодойсамбуу ба Э.Бат-ҮҮл

УИХ дахь АН-ын бүлгийн дарга, гишүүн О.Цогтгэрэл “2016 оноос хойших ялагдлын алдаа, оноогоо дүгнэх зорилгоор бид хамтарсан ажлын хэсэг байгууллаа. Улс төрийн намын болон УИХ-ын, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд ардчиллыг хамгаалах ямар нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэйг ярилцана. Мөн намынхаа дүрмийг ч хэлэлцэнэ. Доржийг Дондогоор солиод байдал өөрчлөгдөх үү, ялагдсан шалтгаанаа дотроосоо хайж, дүгнэлт хийж, системээр нь авч үзье гэж байгаа юм” гэжээ. Нэгийг нөгөөгөөр солиод өөрчлөлт гарахгүй хэмээн УИХ дахь бүлгийн дарга нь үзэж буй ч намынхаа дүрэм ёсоор ялагдал хүлээсэн шат шатны дарга нараа тэд солих ёстой болно. Үүний дагуу дараагийн хүмүүсийн нэр дуулдаж эхлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл өөрийгөө нийслэлийн АН-ын даргад санал болгож буйгаа зарласан. “Одоо болно, залуустаа зайгаа тавьж өг” гэсэн байр суурьтай хүмүүст тэрбээр “Үнэт зүйл, үйл хэрэг үгүй, эрх мэдэл, тендерээр биеэ үнэлж, МАН-тай нэгддэг залууст зайгаа тавьж өгсөндөө харамсавч баршгүй” хэмээн хариулжээ. Тэрбээр 2012-2016 онд Улаанбаатар хотын даргаар ажилласан. Тэр жилүүдэд нийслэл шарилж, хог ургамлаас салж, өнөөдрийн багахан ногоон байгууламжийг бий болгосон байдаг. Эрх баригч намын амжуулаагүй өөр олон ажлыг тэрбээр хотыг удирдсан дөрвөн жилд хийснийг үгүйсгэх хүн цөөн биз. Тиймээс дэмжих хүн ч олон байна.

Нөгөө талаас УИХ-ын залуу гишүүн Ч.Лодойсамбууг дээрх албан тушаалд санал болгоод эхэлжээ. Гэхдээ Н.Ганибал энэ мэдээллийг үгүйсгэж, “Ч.Лодойсамбуугийн талаар УИХ дахь бүлэг болон намын дотоодод яриагүй. Зарим хүн л дотроо төсөөлж буй байх” гэлээ. Тэр “төсөөлж” буй хэсэг нь Ч.Лодойсамбууг намын дарга болгоод нийслэлийн АН-ын даргаар Э.Бат-Үүл ажиллавал хамтраад сайн баг бүрдэнэ гэж үзэж буй бололтой. Гэхдээ тус намын дүрэмд заасан даргад нэр дэвших шаардлагыг залуу гишүүн хангахгүй нь. АН-ын дүрмийн 5.17.4-т “Даргад нэр дэвшигч нь намд элсээд 10 жил болсон, тухайн үеийн хүчин төгөлдөр ҮБХ-ны нийт гишүүний 10 хувийн дэмжлэг авч, гарын үсэг зуруулсан, намын сонгуульт гишүүнээр дөрвөөс доошгүй жил ажилласан хүн байна” хэмээн заажээ. Гэтэл гишүүн Ч.Лодойсамбуу УИХ-ын сонгуулийн өмнө л гэнэт Америкаас уригдан ирж, нэр дэвшээд сонгогдсон юм. Нийслэлийн АН-ын даргын хувьд дотоод сонгуулийн журмаараа нэр дэвшиж, олонхын дэмжлэг авах учиртай.

Фракцын улс төрөөс татгалзаж чадах уу

Анхнаасаа таван намын нэгдэл дээр бий болсон АН фракцуудын эрх ашгийг тэнцүүлэх зарчим дээр оршин тогтнодог. Гэвч сүүлийн үед Х.Баттулгын фракц хүчээ авч, энэ намыг удирдах болсон гэж буй. Намын дарга нь ч түүний аясыг дагалдуулж, “бялуу” хуваах замаар зөөллөсөөр сонгуулийн ард гарсан. Гэхдээ дээр хэлсэнчлэн хүчээр торгоож байсан нам нь одоо дахин задрах эрсдэлтэй тулжээ. Ийм байхад АН-ынхан фракцуудаасаа салж чадна гэдэг нь эргэлзээтэй. Гэхдээ гишүүдэд нь намаа аврах, өөрчлөх найдвар байсаар байна. Э.Бат-Үүл ч “Женко болон МАН-аас намаа цэвэрлэнэ” гэж буй. Тэгвэл Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар, ҮБХ-ны гишүүн Ц.Чинбат нар өчигдөр мэдээлэл хийж, үзэл санааны хөдөлгөөн эхлүүлж буйгаа мэдэгдлээ. Тэд “Манай намыг МАН-ын халаасанд оруулах ажлыг хийсэн хүн нь Х.Баттулга. Түүнд иргэд итгэхгүй байгаа учраас АН шат шатны сонгуульд ялагдлаа” гэв. Улмаар үзэл баримтлалаа тууштай мөрдөх хүмүүсийг үлдээж, бусдаас нь салахаар дээрх хөдөлгөөнийг өрнүүлж байгаа аж. УИХ-ын гишүүн Ө.Шижир мөн “ах” нараасаа салж байж АН хөгжих талаар байр сууриа илэрхийлжээ. Үүнд нь АН-ын экс дарга С.Эрдэнэ эгдүүцэж, “Дарангуйллын эсрэг амь насаараа дэнчин болгон тэмцэж, ардчиллын суурийг тавьж, галыг асаалцсан хүмүүсийг амар гэж хэлэх эрх чамд байхгүй. Чам шиг тэмцлийн утаа үнэртэж үзээгүй, цүнх барьж лифтээр өгсөн эрх мэдэлд хүрсэн “нусан буу” ингэж томордоггүй юм” хэмээн хариулсан байна лээ.

Юутай ч АН-ынхан найман жилийн ялагдлын шалтгаанаа ул сууриар нь “хайж” эхэлсэн юм байна. Тэр зууртаа хөгшин, залуу үеэрээ ч хуваагдаад амжиж. Мөн Женкогоос намаа цэвэрлэх байр суурьт нэг хэсэг нь нэгджээ. Өөрөөр хэлбэл, талцал нь үргэлжилж байна. Хамтарсан ажлын хэсэг нь ямар дүгнэлт гаргахыг харж байя. Ойрын хоёр сардаа багтаад энэ намынхан дүрмээ ч, даргаа ч өөрчлөх бололтой.

https://www.unuudur.mn/a/271795


URL: