Долгион үүссэн авто замыг хавар засварлана

27488537ba858f2acbcbf9892587121450baa6faНийслэлийн Замын хөгжлийн газраас Энхтайваны гүүрээс тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замыг өнгөрсөн баасан гарагийн 23.00 цагаас хааж авто замын засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй. Энэ явцад авто замын тэгш байдал алдагдаж долгион үүссэн асуудлыг иргэд олон нийтийн сүлжээнд шүүмжилсэн. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү, НЗХГ-ын дарга Б.Одбаяр болон бусад албаны хүмүүс газар дээр нь ажиллалаа.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр ”Хугацаа ёсоор дээрх авто замыг 21-нийн өдрийн өглөө 06.00 цагт нээх ёстой. Шөнийн цагаар авто зам засварын ажлыг гүйцэтгэж байх хугацаанд цас орсон. Үүний улмаас авто замын тэгш байдал алдагдаж хэсэг газар долгион үүссэн байдалтай байна. Тиймээс гүйцэтгэгч байгууллага буюу “Трүйроад” компани өөрсдийн хөрөнгөөр дахин засварын ажлыг үргэлжлүүлнэ” гэв.

“Трүйроад” компанийн ерөнхий инженер Ж.Мөнхсүх ”Бид энэ бямба гарагт хучилтын ажлаа эхлүүлсэн. Ингэх явцад автозамын тэгш байдал алдагдаж хэсэг замд долгион үүссэн. Энэ аравдугаар сард цаг агаар дулаан хучилт хийх боломжтой байвал бид авто  замыг засварлах бүрэн боломжтой. Хэрэв цаг агаар хасах градусд орвол технологи алдагдах учраас бид хучилт хийх боломжгүй” гэв.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ”Хасах градуст авто замыг хучих боломжгүй тул авто замын төслүүдийг түр зогсооё. Технологийн горим алдагдана. Тиймээс дулааны улиралд буюу хавар авто замын ажлыг үргэлжүүлье” гэв.


URL: