Түгжрэлийн сайд буюу “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэнээс түгжрэлийг бууруулах чиглэлд богино болон дунд хугацаанд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар тодрууллаа.
Тэрээр “Түгжрэл үүсгэж байгаа шалтгаануудын нэг бол шаардлага хангаагүй замууд байдаг. Би нийслэлийнхнийг зориг гаргаад эрчимтэй зам засварын ажил хийж байгааг дэмжиж байгаа. Түгжрэлийг бууруулахын тулд аливаа ажил, төслийг маш сайн судалгаатай эхлүүлэх шаардлагатай байна.
Хоёрдугаарт, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож байна. Гуравдугаарт, бүх зүйлээ тохироод, ялангуяа шийдвэр гаргах шатанд, нэгдсэн ойлголтод хүрснийхээ дараа аливаа асуудлыг зарлаж байя гэж бодож байна. Тийм учраас одоо чимээгүй байгаа юм шиг харагдаад байгаа байх.
Манай үндэсний хороо, мэргэжлийн хүмүүс маань маш сайн ажиллаж байгаа. Бид саяхан Хятадын томоохон компанитай очиж уулзаад ирлээ. Энэ хүрээнд түгжрэлийг бууруулахын тулд 2-3 төслийг яаралтай хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Ойрын хугацаанд 10 орчим дөрвөн замын уулзварыг 2 түвшний болгоё гэсэн яриа хэлэлцээрүүд хийгдээд явж байна. Хоёрдугаарт, зөвхөн автобус биш өөр нийтийн тээврүүдийг нэвтрүүлэхээр зорьж байгаа.
Ер нь 2028 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10 мянган доллар хүргэнэ гэж зорилт тавьж байна. Иймд бид аль болох буруу талдаа рультэй хуучин машинаасаа салах, зөв талдаа рультэй шинэ машинууд руу шилжих шахалтууд хийж эхэлнэ гэж бодож байгаа. Тухайлбал, буруу талдаа рультэй машинуудын импортын татварыг нэмэгдүүлэх эсвэл хуучин машинуудыг импортоор оруулж ирэхийг хориглох зоригтой алхам хийх хэрэгтэй байна. Одоо Улаанбаатарт 800 мянган машин байна” гэлээ.
URL: