Цахилгаан, дулааны үнийн нэмэгдэл инфляцад нэг хүрэхгүй хувь нөлөөлнө гэж дүгнэжээ

image-85f405e6-0b64-4c9a-8dc3-281cf49160f5Цахилгаан, дулаан, халуун усны үнийг нэмнэ гэдгийг Засгийн газраас мэдээлсэн. Энэ нэмэгдэл ирэх сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ гэсэн мэдээлэл байгаа ч өнөөдрийг хүртэл албан ёсны шийдвэр гараагүй байна.
Гэхдээ Хөгжлийн төлөвлөгөөнд цахилгааныг 64, дулааны үнийг 28 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон байна. Засгийн газраас эрчим хүчний салбарын асуудлыг шийдэхээр Т.Доржханд сайдаар ахлуулсан үндэсний хороо байгуулаад байгаа. Тус хороо цахилгаан, дулааны үнийн нэмэгдэл болон салбарт тулгамдаад байгаа бүх асуудлыг шийдэж, шаардлагатай бол УИХ-д оруулж шийдвэрлүүлэх юм. Цахилгаан, дулаан, халуун усны үнийг нэг бус удаа үе шаттай нэмнэ. Эхний нэмэгдэл салбарыг алдагдалгүй ажиллуулах зорилготой бол дараагийн нэмэгдэл ашигтай ажиллуулах нэмэгдэл байна гэдгийг салбарын сайд нь мэдээлж байгаа.
Цахилгаан, дулаан, халуун усны үнэ эдийн засгийн суурь үнэ учраас инфляцад хэрхэн нөлөөлөхийг Монголбанк, Статистикийн хороо судалсан бөгөөд нэг хүрэхгүй хувиар нөлөөлнө гэсэн дүн гарчээ. Гэхдээ энэ бол зөвхөн айл өрхийн хэрэглээн дээр хийсэн судалгаа юм. Харин аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулааны үнийн нэмэгдэл инфляцад хэрхэн нөлөөлөх судлааг танилцуулаагүй. Сангийн яам ирэх оны төсөвт инфляц зургаан хувь байна гэж тусгасан ч Төсвийн хүрээний мэдэгдэлд 7.5 хувь байна гэж тооцсон. Инфляц өндөр байвал иргэдийн халаасан дахь мөнгө үнэгүйднэ гэсэн үг.
Цахилгааны үнийн нэмэгдлийн инфляцын суурь нөлөөлөл 2025 онд мэдрэгдээд 2026 онд арилна гэж тооцжээ.

URL: