“Та хэдэн насандаа өөрийгөө хөгширсөнд тооцох вэ?” асуултад хөдөө амьдардаг эрчүүдийн дийлэнх “40-45″ насандаа гэж хариулжээ
Монгол эрчүүдийн дундаж наслалт ба бие, сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас хүргэлээ.
Тодруулбал эрчүүдээс буйр суурьтай байхыг шаардах нь “сэтгэлээ уудлах”, “шантрах”, “ядрах”, “өвдөх” эрхгүй мэт хэвшмэл ойлголтыг нийгэмд бий болгодог талаар хэлсэн юм.
Үргэлжлүүлэн монгол эрчүүдийн эрүүл мэндийг илтгэх баримтуудыг хүргэв.
Манай улсын хувьд эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.6 жилээр бага байна. Энэ тоо 1992 онд 4.19 байсан боловч 2018 оны үзүүлэлтээр 9.67 болж холджээ.
Энэ үзүүлэлтээрээ дэлхийн 200 гаруй улсаас 12 дугаарт, бүс нутагтаа хоёрдугаарт жагсаж байгаа нь энэ асуудалд анхаарал хандуулах цаг болсныг харуулж байна.
Энэхүү харьцангуй үзүүлэлтийн голлох шалтгаануудын нэг нь ”эршүүд байдал”-ын сөрөг нөлөө юм.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү их байгаагийн үндсэн шалтгаан юу болох, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлсийн талаарх Дэлхийн Банкны судалгааны онцлох үр дүнгүүдээс танилцуулъя.
Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүтэй байдалд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох чанарын судалгаа бий.
Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс богино насалж буй шалтгааныг насны бүлгээр судалгаа авч тодруулахад:
- 44.6 хувь нь эрчүүд хорт зуршил ихтэй.
- 36.2 хувь нь эрүүл мэнддээ анхаардаггүй.
- 30 хувь нь хөдөлгөөний дутагдал буруу хооллолт таргалалт ихтэй.
- 21.8 хувь нь осол гэмтэл
Маскулин шинж чанар буюу эршүүд байдал нь нийгэмд “Эр хүн ийм байх ёстой, ийм л байдаг” гэх хэм хэмжээг тогтоож өгдөг.
Энэ нормативууд нь эрэгтэй хүн архи, тамхи хэрэглэх зэрэг хорт зуршилтай байх нь хэвийн үзэгдэл болгож, эсрэгээрээ эрүүл мэнддээ анхаарах, биеэ тордох нь дэмий хоосон, “охидын зүйл” гэх буруу хандлагыг дэвэргэдэг байна.
Эрэгтэйчүүд эмзэг байдлаа бусдад харуулахаас зайлсхийх, “чанга, хатуу эр” гэдгээ бусдад батлан харуулахын тулд өвчний шинж тэмдгээ нуух хандлагатай байдаг. Энэ байдал нь эрчүүд хүндээр өвдсөн ч эмнэлгийн тусламж авахаас зайлсхийхэд хүргэж байна.
Эрэгтэйчүүд ажилгүйгээсээ болоод маш гүн сэтгэл санааны хямралд ордог бөгөөд түүнийгээ даван туулах зөв арга замаа олдоггүй.
Нийгмийн хүлээлтээс үүдэлтэй дарамтыг даван туулахад гэр бүл, хань ижлийнх нь дэмжлэг хэрэгтэй байдаг ч бусадтай харьцуулах байдлаар нөхцөл байдлыг улам дордуулах ч тохиолдол байдаг.
Энэ мэтчилэн дарамт нь аажмаар эр хүнийг нийгэм болон гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, улмаар сэтгэл гутрал, стрессийн эх үүсвэр болдог.
Эрэгтэй хүний хувьд сэтгэцийн эрүүл мэндийн байдлаа илэрхийлэх нь эмэгтэйчүүдийнхээс харьцангуй бага.
Тийм учраас 2018 оны судалгаагаар эрчүүдийн дунд амиа хорлох үзэгдэл эмэгтэйчүүдийнхтэй харьцуулахад 5.8 дахин их байсан байна.Үүний 54 хувь нь орон нутгийн иргэд байна.
Хамгийн сонирхолтой үр дүн нь судалгаанд оролцсон эрчүүдээс “Та хэдэн насандаа өөрийгөө хөгширсөнд тооцох вэ?” гэж асуухад хот суурин газрын эрчүүд 50, 60 хүрээд гэж хариулсан бол хөдөө орон нутгийн иргэд 40-45 насандаа өөрийгөө хөгширсөнд тооцдог гэж хариулжээ.
Энэ нь бусад орны иргэдтэй харьцуулахад асар ялгаатай ойлголт. Монгол эрчүүд амьдрал нь тогтвортой болж, үр хүүхэдтэй болсны дараа өөрийгөө хөгширсөнд тооцдог нь анзаарагдаж байна.
Эрчүүдээс буурь суурьтай байхыг шаардах нь сэтгэлээ уудлах, шантрах, ядрах, өвдөх боломжгүй гэх хэвшмэл ойлголтыг нийгэмд бий болгодог. Үүний хамгийн том жишээ бол “Эрэгтэй хүүхэд байж битгий уйл” гэх нийтлэг шаардлага.
Нийгэм, гэр бүлийн хүрээнд эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, нөхөн үржихүйн талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлэх богино хугацааны нөлөөллийн ажлуудын зохион байгуулах шаардлагатай байгааг эндээс харж болно.
Эрчүүдийн биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулах цаг нь ирснийг Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас сануулав.
URL: