Сэтгэлээс ундарсан мөнхийн зөгнөл

БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойн баярт зориулав

Баян намрын тансаг улирал саатаж, байгаль дэлхийд маань ургацын далай цалгин, баялаг бүтээл найман зовхисоос дуулдсан энэ сайхан цаг мөчид Солонго мэдээллийн төвийн оны эхнээс төлөвлөн бэлтгэсэн “75 хүн 75 үлгэр 75 зөгнөл” цуврал сурвалжилга маань барианы зурхайд орлоо.

Энэ бол БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойн баярт зориулсан онцгой бэлэг, бадрал хөгжлийн гайхалтай аянд ганзага нийлүүлсэн эгэл түмний хөдөлмөр зүтгэлийн дүр зургаар эх орны алдар гавьяаг толилуулах баримтат нотолгоо юм.

Сэдэв төлөвлөх, сурвалжилга хийх, нийтлэл бичих сурвалжилгын гал аян маань бүтэн долоон сарын турш үргэлжилж, сэтгүүлчид маань Бадайнжараны цөлөөс Баргын өргөн тал хүртэлх Өвөр Монголын бүхий л нутгийг туулан, сургууль соёлын танхим, хил хязгаар нутаг, албан байгууллага, аж ахуйн нэгж, хөдөө орон нутгаар эрэн сурвалжилсны эцэст ажил сурлагадаа амжилттай, ариун үйлсдээ зүтгэлтэй 75 хүний 75 үлгэрээр Хятадын хөгжлийн 75 жилийн амжилтыг тольдон зүйж, 80 настай буурлаас найман настай балчрыг хамран, эгэл борхон малчнаас эрдэмтэн чадвартан, алдар цуутан, авьяас билигтнүүдийг багтаасан 75 хүний зөгнөлөөр далай түмний төр улсдаа өргөсөн чин сэтгэлийн ерөөл болгон дэвшүүлэхийг зорьсон билээ.

Цуврал сурвалжилгын видео бичлэгүүд 07 дугаар сараас эхлэн Солонго сайтнаа жингийн цуваа мэт ар араасаа цацагдсан бол Солонго сэтгүүлийн 10-р сарын дугаар болон Солонго сонины 413 дугаарт бүрэн хэмжээгээр нийтлэгдэх болно. Сурвалжилга маань биет бус соёлын 10 уламжлагчтай “Өв” цуврал, ХКН-ын шилдэг 10 гишүүдтэй “Дуурайл” цуврал, нийгмийн олон салбарт гялруулж яваа 10 залуустай “Өнгө” цуврал, хил хязгаараа хамгаалан гавшгайлах 10 “Хилчин”, Шанхай хотыг тал нутагтай “хүйгээр холбосон” 10 “Улсын хүүхэд”, төр засгаасаа өндөр өргөмжлөл цол хүртсэн 10 “Содчуул”, эх орны ирээдүйг бүтээх шилдэг 10 хүүхэдтэй “Ирээдүй” цуврал, алдар нэр, ажил үйлсээрээ түмэнд танигдсан 5 “Жишээч” нараас бүрдсэн билээ.

Ийнхүү улс тунхагласны 75 жилийн ойн баярт зориулсан “Солонго”-ын маань сэтгэлийн бэлэг та бүхний мэлмий сонороор дамжин түмэнд хүрч, түгэн цацагдах болсонд таатай талархалтай байна. Эрхэм та бүхэн анхааралдаа багтаах болов уу.

Ерөнхий редактор: Л.Наранхүү

Редактор: З.Гэгээнтуяа, Юэ Ин

Сэтгүүлч: С.Урьхан

Дизайнер: Ц.Цэлмүүн

Эвлүүлэгч: Э.Тэргүүн

Зохиогч: С.УРЬХАН
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж: СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН САЙТ

URL: