Арьс ширний 40 айлын бохирын шугам задарч, өмхий ус халиад 15 хонож байна
Хан-Уул дүүргийн V хороонд байрлах БАМ-ын гэгдэх Арьс ширний 80 айлын 9, 10, 11, 12 дугаар байрны хоёрыг нь 2018 онд буулгаж шинээр барьсан. 2019 оны зун тухайн үеийн хотын дарга С.Амарсайхан (Одоогийн Шадар сайд) иргэдэд байрны түлхүүр гардуулж, хадаг яндар болж байв. Гэвч уг төслийг маш муу, дутуу дулимаг хэрэгжүүлснээс иргэдэд ая тухтай амьдрах боломж бүрдсэнгүй, эрх нь зөрчигдсөөр тав зургаан жилийг үдэв.
Шинэхэн байр нь эхний өвлөө ч давж чадахгүй, салхи сийгж, тааз нь мөөгөнцөртөж, шал нь цөмөрч, хана нь цуурч эхэлсэн билээ. Төсвийн мөнгийг үргүй зарсан энэ асуудалд хэн ч хариуцлага хүлээхгүй өдийг хүрсэн юм. Өнгөрсөн жил Unuudur.mn сайт эл асуудлын мөрөөр явж, нар сар гэрэлтэж, тог цахилгаан нь доголдож, шугам хөлдсөнөөс усгүй болж, бохирын хоолой задран өмхийрч, үнэрээр нь ялаа батгана шавж, хана нь мөөгөнцөртөж, цонх нь цантаж, шал нь 4.6-60 см гүн сууж, нэг талаар хоргын тогоонд унасан шиг, нөгөө талаар оршин суугчид хөмөрсөн тогоонд даруулсан мэт хүндхэн байдалд орсныг хөндөж, удаа дараа сурвалжилга бэлтгэсний дүнд нийслэлийн ЗДТГ-аас анхаарсан болж, өнөөгийн УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ажлын хэсэг гаргаад “мартсан”. Улмаар тухайн барилгыг барьсан “Нью биг фиш” компанийнхан сая нэг юм амь орж, тус барилгыг дүн өвлөөр засаж эхэлсэн байдаг. Тухайн үед иргэд “Өвөл засвар хийх нь тохиромжгүй, хаврыг хүлээгээч” хэмээн удаа дараа хүсэлт тавьсан ч тусыг эс олсон юм. Өөрөөр хэлбэл, ослын өмнөх төлөвт шилжсэн орон сууцыг мэргэжлийн бус хүмүүсээр засуулж дахин эрсдэл гарах нөхцөлийг бүрдүүлсэн билээ. Тухайн компанийнхан “Хотын удирдлага шуурхай засвар хий гэсэн” хэмээж байв.
Сонгууль өмнө буюу есдүгээр сарын 30-ны орой чанаргүй засварын гор нь гарч Арьс ширний 40 айлын бохирын шугам задарч, өмхий ус хальжээ. Тус байрны оршин суугчид нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Орон сууцны бодлогын газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Төв дамжуулах байгууламж гээд маш олон газар хандсан ч сонгуульд “улайрсан” алба хаагчид иргэдийн асуудлыг огтоос авч хэлэлцээгүй байна. Улмаар барилга барьсан болон шугам тавьсан газартаа ханд гэх хариуг өгсөн гэнэ.
Ашгүй нэг юм сонгууль дуусаж, нийслэлийн ЗДТГ-аас дээрх асуудалд анхаарч эхэлсэн бололтой. Арьс ширний 40 айлын байранд нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Тэмүүлэн ажиллаж эхэлжээ. Түүнтэй утсаар холбоо барьж, нөхцөл байдлын талаар тодруулахад “Нийслэлээс албан бичиг ирсний дагуу тухайн байранд өчигдөр ажилласан. Одоогоор хяналт шалгалтын дүн гараагүй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариултыг өгсөн.
Харин нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Ганзориг өнгөрсөн жилийнх шигээ энэ удаад ч хариулт өгөхөөс татгалзсан юм. Уг нь Б.Ганзориг нь Арьс ширний 40 айлын асуудлыг цэгцлэх үүрэгтэй ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга билээ. Дахиад хэлбэл, Уг барилгын ажлыг Б.Энхболд захиралтай “Нью биг фиш” констракшныхан нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар гүйцэтгэсэн байдаг. Харин Хотын стандарт, хяналтын газраас уг байранд ажиллаж иргэдийн амь насанд аюул учруулахуйц аюултай, шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргасан удаатай.
Өмнөх нийтлэлийг эл линкээр орж https://www.unuudur.mn/a/267051 уншина уу.
URL: