Хүүхэд алга болсон мэдээллийг цахим орчинд нийтлэхгүй байхыг сануулав

Screenshot 2024-10-16 190843Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхэд алга болсон тухай мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Алга болсон гэх хүүхдүүдийг олж ар гэрт нь хүлээлгэж өгсөн. Зарим нь өмнө нь алга болоод олдсон хүүхдүүдийн мэдээлэл гарч ирсэн байсан. Цагдаагийн байгууллагад насанд хүрээгүй хүүхэд оршин суугаа газраасаа алга болсон гэх дуудлага мэдээлэл хоногт 4-6 бүртгэгддэг. Үүнээс бага ангийн хүүхдүүд алга болсон гэсэн дуудлага хамгийн их бүртгэгддэг.  Харин өсвөр насны хүүхэд алга болсон гэх дуудлага мэдээлэл тодорхой хувийг эзэлдэг. Эдгээр алга болсон хүүхдүүдийн шалтгаан нөхцөлийг тодруулахад бага насны хүүхэд бол хичээлээ тараад ангийнхаа хүүхэдтэй тоглоод харихгүй удсан энэ хугацаанд гар утасных нь цэнэг дууссан учир асран хамгаалагч нь холбоо барьж чаддаггүй. Тиймээс цагдаагийн байгууллагад асран хамгаалагч нь ханддаг. Тэгвэл өсвөр насны хүүхдүүд гэрээсээ олон хоногоор явж буй нь олон шалтгаантай байна.

Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл, эцэг эхтэйгээ таарамжгүй харилцаатай, хэн нэгэнд уруу татагдах гэх мэтчилэн янз бүрийн шалтгаантай гэж ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад С.Сайнбилэг хэлэв.

Тэрбээр мөн хүүхэд алга болсон буюу гэртээ ирэхгүй байгаа тохиолдлыг цахим орчинд тавихгүй байхыг сануулав. Учир нь хүүхэд олдсоны дараа дахин зургийг нь ашиглаж худал мэдээлэл тараах эрсдэл үүсдэг байна.  Ялангуяа өсвөр насны хүүхдүүд гэрээсээ явснаар аливаа гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн хохирогч болох эрсдэлийг бүрдүүлдэг.

Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхэдтэйгээ сайн ярьж ойлголцох, тулгарч буй асуудлыг нь сонсож, дуртай зүйлийг нь дэмжихийг зөвлөж байна гэлээ.

Хэрэв насанд хүрээгүй хүүхэд гэрээсээ алга болж ямар нэг хэрэгт холбогдвол гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг асран хамгаалагч барагдуулна гэж хуульд заасан байдаг. Мөн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд хариуцлага хүлээх насны хязгаар гэж бий. Тодруулбал, насанд хүрээгүй хүн 14-16 нас гэж заасан байгаа. Энэ насанд хүрсэн бол үүрэг хариуцлагаа өөрөө үүрнэ гэдгийг хэлэв. Мөн хүүхэд хичээлдээ очоогүй тохиолдолд багшийн зүгээс эцэг эхэд нь яаралтай мэдэгдэх шаардлагатай гэв.


URL: