Самар хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн иргэнд ял шийтгэж үр, машиныг нь хураав

OnHn8tuoG8HJrFRg9MEzНийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хууль бусаар байгалийн ургамал түүж бэлтгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн В.Намхайрагчаад холбогдох хэргийг түүний болон өмгөөлөгчийнх нь гаргасан гомдлын дагуу хэлэлцэн шийдвэрлэлээ. Самар элбэг ургаж, зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэж эхэлсэн энэ цаг үед уг хэргийг уншигчдад сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэе.

Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг В.Намхайрагчаа нь өнгөрсөн оны ес, аравдугаар сард Ханхөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газарт хамаардаг, Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамлын жагсаалтад багтсан “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан 1317.6 кг самар худалдан авч, Улаанбаатар хот руу тээвэрлэн авчраад “Эмээлт” шалган нэвтрүүлэх товчоонд үүрэг гүйцэтгэж байсан Экологийн цагдаагийн албаны ажилтнуудад саатуулагдсан аж. Уг хэргийг мөрдөн шалгах явцад тэрбээр танил талаа гуйж, самрын гарал үүслийн гэрчилгээ гаргуулж авсан нь тодорхой болсон бөгөөд шинжээчид экологи, ургамлын аймагт 130.3 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн дүгнэсэн байна. Прокурорын байгууллагаас эл хэрэгт Эрүүгийн хуулийн 24.8-1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг бэлтгэсэн, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалан, энэ оны наймдугаар сарын 27-нд В.Намхайрагчаад холбогдох хэргийг хэлэлцээд байгалийн ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор, ховор ургамал, тэдгээрийн үрийг худалдан авч, тээвэрлэсэн гэм буруутайд тооцож, гурван жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэн тус дүүргийн нутгаас гарахыг хязгаарласан билээ. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4-т заасан “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон нөхөн төлбөрийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлнэ” гэснийг үндэслэн экологид учруулсан хохирлыг гурав дахин нугалж, 390 гаруй сая төгрөг төлүүлэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Киа бонго” загварын 8.5 сая төгрөгийн үнэлгээтэй автомашин, бэлтгэсэн 1317.6 кг цайруулсан самрыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм.

Тэгвэл нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх эл хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бага зэрэг өөрчлөлт оруулсан ч гаргуулах нөхөн төлбөр, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн заалт, ял шийтгэлийг нь хэвээр үлдээлээ.


URL: