“Boeing”-ын ажил хаялт хоёр дахь сардаа орж, зээлжих зэрэглэл нь хог болоход ойрхон байна

image_2024-10-16_111439445Өнгөрсөн сард “Boeing” компанийн 33 мянга гаруй ажилчин цалин хөлсийг 40 гаруй хувиар нэмэхийг шаардан ажил хаясан. Ажилчдын ажил хаялт одоо хоёр дахь сардаа оров. Дэлхийд иргэний тээврийн нисэх онгоц үйлдвэрлэдэг хоёр том компанийн нэг нь “Boeing” юм. Тус компанийн ажилчид ажил хаяснаар олон зуун сая ам.долларын алдагдал учирсан нь тодорхой.

Ажил хаялтын улмаас тус компани өнгөрсөн сард ойролцоогоор нэг тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэж нэг тооцоо гарсан байна. Үүнээс гадна тус компани зардлаа танахын тулд 17 мянган ажилтан цомхотгоно гэж мэдэгдсэн. Их хэмжээний алдагдал хүлээгээд байгаа тул “Boeing” мягмар гарагт /2024.10.15/ санхүүгээ бэхжүүлэх зорилгоор мөнгө босгохоор зорьсон байна. Ингэхдээ тэд хувьцаа болон өрийн саналаар 25 тэрбум ам.доллар, томоохон зээлдүүлэгчдээс 10 тэрбум ам.доллар зээлэх юм.

Одоогийн байдлаар тус компани хэдий хэмжээний мөнгө босгож чадах нь тодорхойгүй байна. Гэхдээ шинжээчдийн тооцоогоор бол “Boeing” зээлжих зэрэглэлээ хог болохоос аврахын тулд 10-15 тэрбум ам.доллар хэрэгтэй байгаа юм. Энэ жил “Boeing” компанийн хувьд хэцүүхэн өнгөрч байгаа. Тэдний үйлдвэрлэсэн онгоцны эд анги хэд хэдэн удаа эвдэрсэн тохиолдол гарч, хэрэглэгчдийн “Boeing”-д итгэх итгэл эрс буурсан юм. Үүний улмаас тус компанийн хувьцааны үнэ ч их хэмжээгээр буурч, захирал нь ажлаа хүлээлгэн өгсөн.

Эх сурвалж: Reuters


URL: