Прокурорыг ээмэг, зүүлтээр хахуульдахыг завдсан өмгөөлөгчийг шалгаж дуусжээ

Прокурорыг ээмэг зүүлтээр хахуульдахыг завдсан өмгөөлөгчийг шалгаж дуусжээМонголчуудын гэнэн итгэмтгий зан, аргагүй байдлыг ашигладаг залилан мэхлэгчид оршсоор байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тийм нэгэн хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нэгэн иргэний аав маш хүнд өвчин тусаж, эмчилгээгүй хэмээн эмнэлгээс гаргасан аж. Гэвч ар гэрийнхэн, үр хүүхдүүд нь бариач, үзмэрч гээд сайн гэсэн болгон руу ханджээ. Энэ үед нэгэн эмэгтэй “Засал хийгээд, зургаан удаа бариад эдгэшгүй өвчнийг нь анагааж өгнө” хэмээн итгүүлсэн байна. Үр хүүхдүүд нь түүний хэлсэнд итгэн удаа дараа мөнгө шилжүүлэн, 300 гаруй сая төгрөг иргэн Х.Тунгалагт өгчээ. Харамсалтай нь, аав нь эдгэлгүй, хүнд өвчний улмаас таалал төгссөн аж. Үүний дараачаас Х.Тунгалагийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан хэмээн мөрдөн шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хурлаасаа өмнө Х.Тунгалаг оргон зайлж, шүүн таслах үйл ажиллагаанд саад учруулсан гэнэ. Цагдаагийнхан түүнийг өмгөөлөгчийнхөө хамтаар Хөвсгөл аймгийн нутагт байхад нь олж саатуулан шүүхэд хүлээлгэн өгснөөр өнгөрсөн сарын 25-нд шүүх хурлыг нь хийж, хохирогчийн сэтгэл зүйн хямралтай байдлыг ашиглан сүсэг бишрэлийг далимдуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч залилсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн зургаан жил хорих ял шийтгэсэн байна.

Тэгвэл түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Дарьжавыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хэргийг нь шилжүүлжээ. Түүнийг эрүүгийн хэрэгт холбогдсон үйлчлүүлэгч Х.Тунгалагийнхаа хэргийг ашигтай байдлаар шийдвэрлүүлэхийн тулд хяналтын прокурор О-д хахууль болгож ээмэг, зүүлт өгөхийг завсан хэмээн буруутгаж буй юм билээ. Харин прокурор нь нөлөөллийн мэдүүлэг хөтлөн, өмнө нь хувийн нэгэн их сургуульд багшилж байсан Ц.Дарьжавын хахууль өгөх гэсэн үйлдлийг баримтжуулан холбогдох байгууллагад мэдэгдсэнээр ийнхүү мөрдөн шалгаж дуусжээ.

https://www.unuudur.mn/a/271742


URL: