Нийслэлийн хэмжээнд таксины үйлчилгээ үзүүлэх эрхтэй 251 автомашин байна
Зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээнд явбал хувь хүнийг таван сая төгрөгөөр торгоно.
Аравдугаар сарын 15-наас эхлэн зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлбэл хувь хүнийг таван сая төгрөг, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох зохицуулалт хэрэгжиж эхлээд байна. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд зааснаар такси үйлчилгээ эрхлэх бол тэмдэгтийн хураамжид 3-10 сая төгрөгийг төлж, зөвшөөрөл авахаар хуульчлаад байгаа юм.
Зөрчлийн хуульд оруулсан энэхүү зохицуулалт нь аппликэйшн ашиглан такси дуудлагын үйлчилгээ үзүүлдэг бүртгэлтэй жолооч нарт хамаарахгүй гэж НЗДТГ-ын Нийтийн тээврийн бодлогын газрын дарга онцоллоо.
Хуулийн зохицуулалтаас харахад хувь хүн такси үйлчилгээ үзүүлэх заалтгүй учраас заавал аж ахуй нэгжийн бүртгэлээр такси үйлчилгээ үзүүлэх шаардлагатай аж.
Нийслэлийн хэмжээнд такси үйлчилгээ үзүүлэх эрхтэй таван аж ахуйн нэгжид 251 такси бүртгэлтэй байна. Иргэдийн түгээмэл ашигладаг “UBCab” аппликэйшнийн хувьд 50 мянга орчим жолооч бүртгэлтэй гэдгийг тус компани мэдээллээ.
“UBCab”, “ABA Mongolia” зэрэг аппликэйшнээр үйлчилгээ авсан тохиолдолд хамаарахгүй юм байна. Учир нь энэ нь такси үйлчилгээ бус дуудлагын үйлчилгээнд тооцдогийг НЗДТГ тодотгож байв. Мөн УИХ-аас тогтоол гаргахдаа “Цахим платформоор үйлчилгээ үзүүлж байвал үүнд хамаарахгүй” гэх заалт нэмж оруулжээ.
“UBCab” компанийн зүгээс дээрх хууль жолооч нарт нь хамаарахгүй учраас аюулгүй байдлыг нь хамгаалуулах хуулийн төсөлтэй болох саналтай байгаагаа холбогдох байгууллагууд нь хүргүүлсэн гэж мэдээллээ.
URL: