Х.Нямбаатарын багт хэний фракц дэмжлэг үзүүлэх вэ?

nyambaatar-bag-4-810x500Орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, Улаанбаатар хотод засаглах эрхийг аваад буй Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар захирагчаар томилогдсон даруйдаа багаа бүрдүүлж эхэллээ. Тодруулбал, тэрбээр бүрэн эрхийнхээ хүрээнд өчигдөр /20024.10.15/Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Т.Даваадалайг, Нийслэлийн Засаг даргын хоёрдугаар орлогчоор А.Амартүвшинг томиллоо.  Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Т.Даваадалай нь Баянзүрх дүүргээс Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд ялалт байгуулсан бол Нийслэлийн Засаг даргын хоёрдугаар орлогч А.Амартүвшин нь Хан-Уул дүүргээс өрсөлдөн, ялалт байгуулсан.

Өнгөц харахад тэд Баянзүрх, Хан-Уул дүүргийн төлөөлөл болж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон ч Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазарын хүмүүс гэж нэрлэж болно.

Х.Нямбаатар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд өрсөлдөх 45 нэр дэвшигчээ зарлах үед экс дарга Д.Сумъяабазар хамгийн олон хүнээ энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж, эрх мэдэл хамгийн том байгаагаа харууллаа гэдгийг хэвлэлүүд онцолж байсан удаатай. Тэгвэл томилгоо ч экс даргын талд байж, фракцынх нь хүмүүс ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотыг удирдах Х.Нямбаатарын баруун, зүүн гар нь болж ажиллах үүрэг хүлээгээд байна.

Нийслэлийн МАН дотор экс дарга Д.Сумъяабазарын фракцаас гадна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд С.Амарсайхан нарын фракцад хамаарах төлөөллүүд бий. Ногоон автобусны хэрэг мандахад Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар, Түгжрэлтэй тэмцэх сайд асан Ж.Сүхбаатар нар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд үг дайн, түүнээс болж МАН дотор “гал авалцаж” байв. Улмаар Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар хариуцлага хүлээн албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөр энэ асуудал далд өрнөсөн. Удалгүй УИХ-ын 2024 оны сонгуультай золгож, том эрх ашгаа бодож, хэн, хэн нь дуугаа хурааснаар эл асуудал намжсан.

Хэдий Д.Сумъяабазар эрх мэдэлгүй болсон ч фракцынх нь нөлөө хот доторх МАН дотор хамгийн нөлөөтэй нь гэж хэлж болно. Тиймдээ ч Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Д.Сумъяабзарын фракцаас хамгийн олон буюу 17 хүн нэр дэвшиж байв.

Д.Сумъяабазарын хувьд 2020 оны орон нутгийн сонгуульд нийслэлийн МАН-ын хороог удирдаж ороод 45 суудлын 34-ийг нь авч, Улаанбаатар хотод засаглах эрхийг авсан түүх бий. Харин Х.Нямбаатарт энэ эрх мэдэл шилжиж ирэнгүүт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын суудлын тоог зургаагаар ахиулж, 40 болгож чадсан нь бас л том улс төр. Өрсөлдөгч нарынх нь зүгээс орон нутгийн сонгуульд ялагдсан шалтгаанаа сонгуулийн хууль болон ирц рүү чихэж буй ч намаас нь ч “дайснууд” төрөн Х.Баттулга нартай нийлэн буллидэж байхад Х.Нямбаатар үнэмлэхүй ялалт байгуулна гэдэг бол олны итгэл хүлээхүйц хүмүүсийг нэр дэвшүүлж чадсаны илрэл, нөгөө талдаа МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр улаанбаатарчуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатайг харууллаа гэж хэлж болох биз.  Гол нь ирэх жилүүдэд амласан ажлуудаа хэрэгжүүлэх ёстой.

Хэдийгээр дөрвөн жил гэдэг урт хугацаа санагдаж болох ч ажил хийх хүнд дэндүү богино, гялалзаад л өнгөрөх цаг хугацаа юм.  Иймээс Сэлбэ, Баянхошуу, Шар хад дэд төвүүдийг түшиглэн 20 минутын хот босгох амлалтаа хэрэгжүүлэхээс эхлээд шилээ дарсан олон ажил Х.Нямбаатар ба түүний багийнхныг хүлээж байна.

Нөгөө талдаа Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын зүгээс төлөвлөсөн ажлуудаа хийхэд зангидсан гар шиг нэг баг болж ажиллаж чадах, итгэл даахуйц кандитатууд чухал. Иймээс  түүнээс хийх томилгоо нийслэлийн Засаг даргын нэг, хоёрдугаар орлогчоор хязгаарлахгүй үргэлжлэх нь тодорхой юм.

Томилгоо эзнээ олж байж, ажил саадгүй үргэлжилнэ. Чадваргүй, мэдлэггүй хүмүүс чухал албанд томилогдоод эхэлбэл төсөл хэрэгжихэд амаргүй.  Үндсэндээ ажил явахгүй унах эрсдэлтэй.

Г.ХОРОЛ

https://news.mn/r/2758424/


URL: