Түгжрэлд Г.Дамдинням ч буруутай

_Түгжрэлд Г.Дамдинням ч буруутайУИХ-ын гишүүн Г.Дамдинням “19.30 цагийн үед 22-ын товчоогоор орж ирсэн. Дөрвөн цаг 30 минут түгжрээд гэртээ хүрээгүй л байна даа. Яармагт” гэж өнгөрсөн ням гарагт жиргэжээ. “Эрхэм” гишүүн ийнхүү бухимдсан гол шалтгаан нь өнгөрсөн амралтын өдрүүдэд Яармаг, Нисэх орчмын гурван байршлын замыг хааж, засвар хийсэнтэй холбоотой байлаа. Үүний улмаас энэ сарын 12, 13-нд Яармагийн замаар зорчсон иргэд үндсэндээ “гамшиг”-т өртсөн юм. Өөрөөр хэлбэл, гишүүн Г.Дамдиннямын бичсэн шиг зам дээр 4-5 цаг зогсох нь хэвийн үзэгдэл болов.

Нөгөөтээгүүр, эрх баригч намын гишүүн Г.Дамдинням ингэж гоншигносон нь иргэдээр тохуурхаж, тавлаад байгаа ч юм шиг. Ард иргэдийг төлөөлөн парламентад сууж, улсын бодлогыг тодорхойлж, төсөв хуваарилахад оролцож буйнхаа хувьд тэрбээр ужгирсан энэ асуудалд анхаарах ёстой юм, уг нь. Гэтэл 2020 оноос хойш буюу тав дахь жилдээ УИХ-д хууль тогтоож байгаа гишүүний хувьд эл асуудлыг хариуцсан, намынхаа сайд, дарга нарт шаардлага тавьж, шахалт үзүүлж, иргэдийн эрх ашгийн төлөө дуугарсан уу. Эс үйлдэхүйгээрээ, одоогийн нөхцөлтэйгөө эвлэрч, хүлээн зөвшөөрөн өдий хүрсэн бус уу. МАН-ынхан өнгөрсөн найман жил эрх барьсан, түгжрэлийг шийдвэл шийдэхээр хугацаа өнгөрчхөөд байхад шүү дээ.

Яармагийн замын “гамшиг”-т өртсөн иргэд “Орон нутгийн сонгууль дуусаж, нийслэлд олонх болсон МАН-ынхан, ялангуяа хотын удирдлагууд дураараа дургиж байна”, “Олон нийтийн бухимдал, шүүмжлэл тэдэнд одоо юу ч биш санагдаж байгаа” гэж бухимдлаа илэрхийлж байв. Үнэхээр ч хотын удирдлагууд сонгууль дуусав уу, үгүй юү үнэн нүүр царайгаа харуулж, иргэдийг бухимдуулж, төвөг чирэгдэл учруулах болсон нь энэ. “Хавраас эхлэн замаа засаж, зуны гурван сард дуусгачих хангалттай хугацаа бий” гэж иргэд маш ойлгомжтойгоор сануулсаар байв. Гэтэл хотын удирдлагууд зунжин алга болсноо наймдугаар сарын сүүлчээс буюу орон нутгийн сонгуулийг угтан яаран сандран замын ажлыг эхлүүлсэн юм. Ингэхдээ Яармагийн замын зарим хэсгийн нэг эгнээг нь хараар “будаад” орхичихсон. Түүнийгээ дуусгасан нэр зүүж, нөгөө эгнээг нь “будаж” дуусгахын тулд л ийнхүү олон нийтэд чирэгдэл учруулаад байна.

Уг нь хотын даргаас гадна “түгжрэл”-ийн буюу “20 минутын хот”-ын, Зам, тээврийн ч сайдтай улс шүү дээ. Гэтэл дарга нарын сэтгэлгүй, зохион байгуулалтгүй, тооцоо судалгаагүй шийдвэрүүдийн балгаар түгжрэл буурах бус, харин ч ихсээд л байх юм. Их хурлын гишүүний явсан замаар иргэд өдөр бүр түгжирч явааг мэдэхгүй байгаа юм биш биз дээ.

М.ОЧ

https://www.unuudur.mn/a/271719


URL: