БНХАУ Тайванийн эргэн тойронд цэргийн сургуулилалт эхлүүллээ

251d3d10b03fb08daf4eec339fe80b195a89cdfaЧин гүрэн мөхөж Хятад улс үндэстэн үүсэн байгуулагдсаны 113 жилийн ой, үндэсний баяр наадмыг тайваньчууд өнгөрсөн долоо хоногт тэмдэглэж өнгөрүүлсэн билээ. Үндэсний баярын өдрийг тохиолдуулан өнгөрөгч тавдугаар сард Тайванийн Ерөнхийлөгчийн албыг хүлээж авсан Уильям Лай Чин Тэ тусгаар улсын байр суурийг үргэлжлүүлэн хадгалж, дэмжихээ ил тодоор зарласан юм.

Өмнөх Ерөнхийлөгч Цай Ин Вэнтэй харьцуулахад Уильям Лай Тайванийн тусгаар тогтнох хүсэл эрмэлзлийг илүү нээлттэй, тодорхой илэрхийлж байгаа гэж ажиглагчид үзэж байна.

Лай Чин Тэг мэдэгдэл хийсэнд хариу үйлдэл үзүүлж Хятадын арми өнөөдөр өглөө Тайванийн эргэн тойронд цэргийн сургуулилалт хийж эхэллээ. Хятадын армийн зүүн цэргийн хүчний командлалын төлөөлөгч ахмад Ли Ши өнөөдөр өглөөний сургуулилалтын талаар албан мэдэгдэл хийсэн байна. Түүний хэлснээр энэ удаагийн цэргийн сургуулилалт салан тусгаарлах үзэлтнүүдэд анхааруулга сэрэмжлүүлэг өгөх зорилготой гэжээ.

Тайванийн арлын зүүн, өмнөд, хойд хэсгийн тэнгис болон агаарын орон зайд хийж буй сургуулилалтыг Joint Sword-2024B хэмээн нэрлэж буй. Ингэхдээ далай тэнгис, агаарын байлдааны бэлэн байдлын эргүүл, гол боомт болон бүс нутгийг хаах бүслэх сургуулилалт дээр төвлөрсөн байна. Мөн тэнгисийн цэргийн дайралт довтолгоон, хуурай газрын байг устгах зэрэг даалгавар багтжээ. Өнөөдрийн сургуулилалт нь үндэсний эв нэгдэл, улсын бие даасан тусгаар тогтнолыг хамгаалахад шаардлагатай үйл ажиллагааг хангахаар хууль ёсны дагуу явагдсан гэж Хятадын тал мэдээлжээ.

2022 оноос хойш  Хятад Тайванийн эргэн тойронд дөрөв дэх удаагаа томоохон цэргийн сургуулилалт хийж буй нь энэ юм. Өглөөний найман цагийн байдлаар Тайванийн эргэн тойронд Хятадын 25 онгоц, 11 усан онгоц илэрсэн байна. Мөн Тайванийн эргэн тойронд есөн байрлалд сургуулилалт явагдаж байгаа аж.

Хятад Тайванийг өөрийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд салан тусгаарлах, тусгаар тогтнох байр сууриа ямар нэгэн байдлаар идэвхтэй илэрхийлэх үед энэ мэтчилэн цэргийн сургуулилалт, армийн сүр хүчээр далайлгах үйлдлийг гаргасаар ирсэн.

Тайванийн Аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Жосеф Ву Хятадын цэргийн сургуулилалтыг хэдийгээр Тайванийн тэнгисийн болон агаарын хилд нэвтрээгүй ч олон улсын хууль дүрэмд харшилсан үйлдэл хэмээн зэмлэн буруушаалаа.

Хятадын цэргийн сургуулилалт явагдаж байгаа ч даваа гарагийн өглөө Тайванийн агаарын болон усан тээвэр хэвийн үргэлжилж байна. Мөн иргэд оршин суугчдыг худал хуурмаг мэдээлэлд авталгүй, сонор сэрэмжтэй байхыг зөвлөжээ. Хятад анх удаа Тайванийн эргэн тойронд цэргийн сургуулилалт хийгээгүй учраас Тайпейн иргэд нэг цочирдож хүлээж аваагүй байна.

Харин алслагдсан газруудад эргүүл хамгаалалтыг чангатгажээ. Тайванийн зүүн хойд нутагт байдаг Синчу нисэх хүчний баазаас “Мираж 2000” байлдааны онгоцуудыг хөөргөсөн байна. Өнгөрсөн жилүүдэд Тайванийг дэмжсээр ирсэн АНУ-ын Засгийн газар Хятадын цэргийн сургуулилалтыг зөвтгөх аргагүй гэсэн байр суурийг илэрхийлжээ.


URL: