“Наран мандал энтерпрайзес” ХХК-иас өгсөн хандивыг завшсан хурандааг шүүхэд шилжүүлэв

“Наран мандал энтерпрайзес” ХХК-иас өгсөн хандивыг завшсан хурандааг шүүхэд шилжүүлэвБаянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Ж.Алтангэрэлд прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Түүнийг нэг бус үндэслэлээр буруутгаж буй аж. Тодруулбал, албан тушаалаа урвуулан ашиглаж, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг төрийн үйлчилгээний албан хаагчаар томилж, дөрвөн жил цалин олгон, улсад 43 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулсан юм.

Мөн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дахь Цагаан цахирын алтны орд газарт үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай “Наран мандал энтерпрайзес” ХХК-иас орон нутгийн онцгой байдлын салбарт олгосон найман сая төгрөгийг завшсан хэмээн Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус аймаг дахь Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн аж.

Тэрбээр байгууллагадаа зориулж “Наран мандал энтерпрайзес” ХХК-иас хандив, тусламж хүссэн бөгөөд өгсөн хандивын мөнгийг нь өөр хүний арилжааны банкны дансаар дамжуулан авч, төрийн байгууллагын данс бүртгэлд тусгалгүйгээр зарцуулсан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан байдаг.


URL: