Царай зүс, хайр сэтгэл, гэрлэлтийн байдлаар нь ялгаварлахаа больё

Царай зүс хайр сэтгэл гэрлэлтийн байдлаар нь ялгаварлахаа больёБ.БАЯРЖАВХЛАН

Хүн болж төрсөн хэн бүхэн ижил тэгш эрх эдлэх ёстой. Тэгш байдлын үзэл баримтлал нь хүн болж төрснийхөө хувьд хүн бүр ижил үнэ цэнэтэй байж, адил хүндэтгэлийг эдлэх тухай ойлголтыг илэрхийлдэг. Гэвч нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтуудаас үүдэж хүний эрхэнд халдах тохиолдол их байгаа юм. Тиймээс бид энэ удаагийн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буланд хүний эрхэнд чимээгүй хамгийн ихээр халдаж буй тохиолдлуудыг хүргэж байна.

Хүнтэй гэрлэхгүй бол нас чинь оройтлоо гэх нь дарамт үүсгэсээр байна

Б.Батням 32 настай. Тэрээр Дорноговь аймгийн Сайншанд суманд аав, ээжийнхээ хамт амьдардаг. Гэрлэлтэд бэлэн биш учир гэр бүлтэй болдоггүй аж. Гэвч эргэн тойрны найз, нөхөд, хамаатан садан нь түүнийг хүнтэй суухгүй бол нас болон хүүхэд чинь оройтлоо гэж байнга хэлэх нь түүнд дарамт болж байгааг учирлаж байлаа. Энэ тухай тэрээр “Гадны улсад 30-40 насандаа гэр бүл зохиохыг хэвийн гэж үздэг. Харин ч төлөвшсөн хойноо гэр бүлтэй болох нь амьдралын чанарт сайнаар нөлөөлдөг гэдэг. Харин манай улсад оюутан ахуй цагаас л хүнтэй суухыг шаарддаг. Тэнэг байгаа дээрээ хүнтэй суу. Сайнууд нь шилэгдээд дуусдаг гэх хошин яриа хүртэл бий. Нийгмийн энэ байдлаас үүдэж ганц бие байгаа нь буруу мэт сэтгэгдэл төрөх боллоо. Учир нь надаас хүмүүс “Яагаад эхнэртэй болдоггүй юм бэ. Чиний бэлгийн чиг хандлага чинь өөр юм уу” гэж асуусан тохиолдол ч бий. Гэтэл би энд сурч боловсрох, хөгжих, амьдрал ахуйгаа цэгцэлж байж гэр бүлтэй болох төлөвлөгөөтэй байна шүү дээ” гэсэн юм.

Мөн 30 гарсан эрчүүдэд хүүхэдтэй эмэгтэй л олдоно гэх бүдүүлэг яриа тэднийг ихэд бухимдуулдаг байна. Энэ талаар Б.Батням “Удахгүй эхнэртэй болно. Одоохондоо амьдралаа цэгцлээд авъя гэхээр хүмүүс “Одоо чамд хүүхэдтэй хүн л олдоно” гэдэг. Энэ нь намайг маш ихээр бухимдуулдаг. Мөн дарамт болдог. Хүүхэдтэй хүнтэй суухгүй гээд бэлэн биш байхдаа буюу эрт хүнтэй суух ёсгүй шүү дээ” гэсэн юм.

Манай улсад 18-25 насандаа хүмүүс хамгийн их гэрлэдэг гэх судалгаа бий. Харин Б.Батнямын хувьд өөрийн гэсэн орон байртай, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хойноо эхнэртэй болно гэж боддог байна. Энэ тухайгаа “Монголд гэр бүл салалт их байгаагийн учир шалтгааныг эрт гэр бүл зохиож буйтай холбоотой гэж боддог. Өөрийгөө таниагүй байхдаа эхнэр, нөхөрт гарч хүүхэдтэй болдог. Гэтэл гэр бүл болохын цаана маш их хариуцлага бий шүү дээ. Ядаж л хүүхэдтэй боллоо гэхэд салхилуулах, асрах зэргийг маш сайн судалж байж хүнтэй сууна гэж боддог. Гэтэл хүүхдээрээ байгаа хүнийг хүнтэй суу гээд байдаг нь дарамттай байдаг. Сүүлдээ удаан уулзаагүй хамаатнуудтайгаа уулзахаас ч айж, зайлсхийдэг боллоо. Учир нь нөгөө л “Эхнэртэй болсон уу, оройтлоо” гэдэг үгийг сонсох байх хэмээн яс хавталзаж байна” гэсэн юм.

Тэгвэл 2019 оны судалгаагаар Солонгос эрчүүдийн гэрлэх  дундаж наслалт эрэгтэй 33.2, эмэгтэй 31 нас байгаа юм. Харин япончуудын гэрлэх дундаж нас эрчүүд 31.1, эмэгтэйчүүд 29.1 нас байсан юм. Тэгвэл Азидаа монголчууд бид хамгийн эрт гэрлэж байгаа юм. Энэ нь сүүлдээ нийгмийн хэвшмэл ойлголтыг бий болгож, эргээд залуучуудад сэтгэл зүй болон бие махбодийн дарамтыг үүсгэсээр байгаа юм. Учир нь гэр бүлтэй болохгүй бол хүүхэд чинь оройтлоо гэдэг дарамтаас болж эцэггүй ч хамаагүй хүүхэд төрүүлье гэж бодох болсон тухайгаа нэгэн эмэгтэй ярьсан юм. Тиймээс хүний эрхэнд халдаж хэвшмэл ойлголтоо халах цаг болжээ.

Цахим орчинд хүнийг гадаад байдлаар нь доромжлох тохиолдол ихэсжээ

Түүнийг Э.Энхгэрэл гэдэг. Хүмүүс түүнийг “Universe best songs” наадмын шилдэг 25 оролцогчийн нэг гэдгээр нь танина. Сүүлийн үед Э.Энхгэрэл цахим орчинд хоолны контентууд хийж үзэгчдэд хүргэж байгаа билээ. Гэвч түүнийг цахим орчинд бүдүүн гахай гэх зэргээр сэтгэгдэл бичиж, доромжлох болжээ. Энэ талаар Э.Энхгэрэл “Улс орон бүр өөрийн үндэстний хоолны соёлыг түгээн дэлгэрүүлэх тал дээр анхаарч байна. Монголчууд бид Солонгос болон Хятадын мукбанг бичлэг буюу хоол идэж буй бичлэгийг ч ихээр үзэх болсон. Тиймээс өөрийн улсын хоолны соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зорилтот контентууд хийж эхэлсэн. Ингэхдээ Монгол үндэстний хоолыг өв соёл, ахуйтайгаа холбон хийж байна. Гэтэл үзэгчид тэр дундаа эрчүүд муухай үгээр их доромжилдог. Жишээлбэл, бүдүүн гахай, ямар муухай иддэг юм бэ. Заваан хүүхэн, үхэж далд ороосой гэх зэргээр доромжилдог. Энэ нь үнэхээр хэцүү байдаг” гэсэн юм.

Гадны улс орнууд өөрийн улсын хоол, идээ, ундаагаа сурталчлах зорилгоор кино хийсэн тохиолдол бий. Тодруулбал, Жангүм киног дурдаж болох юм. Энэ киног Солонгос улсын соёлын яамнаас нь санхүүжүүлж, хоолны соёлоо сурталчлахын тулд бүтээсэн гэдэг. Ингэснээр солонгос хоол дэлхий дахинд хүрч чадсан гэж үзэх хүмүүс ч бий. Тэгвэл өөрийн улсын соёлыг түгээн дэлгэрүүлснийх нь төлөө гадна байдлаар нь шүүмжилж, доромжлохдоо хүний эрхийг бодож үзээрэй. Өөрөөр хэлбэл, хэн нэгнийг арьс өнгө, шашин шүтлэг, гадаад байдлаар ялгаварлан гадуурхдаг хэвшмэл ойлголтоо өөрчилье. Мөн цахим орчинд влогчид хөөрхөн, туранхай байх ёстой гэсэн дүрэм байхгүй.

Хайр сэтгэлээс нь болж ад үзэхээ больё

Дэлхий нийтээр даяаршиж буй энэ үед гадаад хүнтэй гэр бүл болох нь хувь хүний эрхийн асуудал. Сүүлийн үед гадаад хүнтэй гэр бол болсон олны танил эмэгтэйчүүдийг цахим орчинд үзэн ядах нь элбэг болжээ. Тэдний нэг бол бидний сайн мэдэх фитнесс тамирчин Н.Анухай юм. Тэрээр “Би хоёр хүүхэдтэй ганц бие ээж. Энэ жилээс өөрийн хайртай хүнтэйгээ хамт эх орондоо амьдарч байна. Цахим орчинд бол намайг маш ихээр харааж зүхэж байгаа. Гэхдээ сэтгэл нь цагаан байхад арьсны өнгө хамаагүй шүү дээ. Биднийг арьс өнгөөр битгий ялгаварлан гадуурхаарай. Мөн хэн нэгнийг хайрласныхаа төлөө гадуурхагдсан явдал надаар дуусаасай гэж хүсэж байна” гэсэн юм. Харин түүний найз залуу “Монголын бүх зүйл надад таалагдаж байгаа. Миний хайртай бүсгүй намайг монгол хувцас өмсөхөд их дуртай байдаг. Хамтдаа л байвал бүх зүйлийг даваад гарна” гэсэн юм.

Нийгэм, эдийн засаг, улс төрийн болон гэр бүлийн амьдралд нийгэмд тогтсон олон хэвшмэл ойлголтуудыг бид бий болгожээ. Тэгвэл эдгээр нь хувь хүний сэтгэл зүй болон чанарт сөргөөр нөлөөлсөөр байгаа юм. Тиймээс бүгдээрээ хүний эрхийн мэдрэмжтэй байж, хүний эрхэд халдахгүй амьдарч сурах хэрэгтэй байна. Мөн хүний мөн чанар бол хэн нэгнийг оршихуйг хүлээн зөвшөөрөх билээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын үндсэн хуульд хүнийг арьс өнгө, хүйс, нас, шашин шүтлэг, бие махбодын байдал, зүс царай, бэлгийн чиг баримжаагаар нь ялгаварлан гадуурхахгүй хэмээн тунхагласан байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL: