НИТХ-ын даргаар сонгогдсон А.Баяр 376 саяын АВЛАГАТАЙ, 48 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
НИТХ-ын анхдугаар хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд Сонгуулийн үр дүнгийн мэдээллийг Нийслэлийн сонгуулийн хорооноос танилцуулсан бол үүний дараа НИТХ-ын даргыг сонголоо.
Тэгвэл эцэслэн БЗД-ээс ялалт байгуулсан Амарбаясгалангийн Баяр олонхийн саналаар буюу 39 төлөөлөгчийн саналаар дэмжигдэн, НИТХ-ын даргаар томилогдож байна.
А.Баяр нь 1985 онд төрсөн. Нийслэлийн 18 дугаар дунд сургуулийг төгссөн. Мөн 2002-2008 онд Анагаахын их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Хартворд их сургуулийг бизнесийн удирдлага, маркетинг мэргэжлээр төгссөн бөгөөд МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн байна.
НИТХ-д нэр дэвшигч, БЗД-ийн ИТХ-ын дарга асан А.Баярын аав нь “ДЦС-4” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженерээр саяхныг хүртэл ажилласан, хөлбөмбөгийн “Эрчим” клубийн эзэн Мээрэнгийн Амарбаясгалан гэж хүн бий.
Ажилласан байдлын тухайд 2007 онд “Корпорайт” зочид буудалд маркетингийн ажилтан, 2010 онд “Хүрэл энтернэйшнль транс” компанид гүйцэтгэх захирал, 2011 онд “Цаст пүүдс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2013-2020 онд “Биг Виг” ХХК-д захирал, 2016-2020 онд БЗД-ийн иргэдийн хурлын төлөөлөгч, БЗД дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байжээ.
Мөн 2020 онд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангын зөвлөхөөр ажиллаж эхлэн 2020 оны 11 сарын 4-нд БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар томилогджээ.
А.Баяр нь 91 сая төгрөгийн орлоготой. 180 сая төгрөгийн 2 нийтийн орон сууцтай. 60 саяын 32 адуу, 124 хонь, 32 үхэртэй. 48 саяын үнэт эдлэлтэй аж. Тэрээр хадгаламждаа 600 мянган төгрөг, бэлэн 69 сая төгрөг, 376 саяын авлагатай гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.
URL: