“Хараагүй хүмүүс сонгууль өгч чадаагүй асуудлыг ОУ-ын байгууллагад хандвал хоёр сонгууль хүчингүй болох ч үндэслэлтэй”

Untitled-1-4-810x500

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос Дэлхийн цагаан таягтны эрхийг хамгаалах өдрийг угтаж манай улсын харааны бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлуудын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Дэлхийн цагаан таягтны эрхийг хамгаалах өдөр нь маргааш тохиох бөгөөд энэ жил уг өдрийг харааны бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчин, дэд бүтцийг сайжруулъя гэх уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх аж. Монгол Улсад 12,600 орчим харааны бэрхшээлтэй иргэн бүртгэлтэй байдгаас 4,000 орчим нь Улаанбаатар хотод амьдарч байгааюм байна.

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны төлөөллүүд дараах асуудлуудыг онцлов. ”Орчны аюулгүй байдал: Манай нэг хараагүй хүн өдөр болгон гардаг гүүрээрээ гарах гээд явж байтал яг тэр зам дээр нь хашлага тавьчихсан байсан. Уг хашлагыг нь даваад гартал тухайн хүн 4.5 метрийн өндрөөс зам руу унасан. Улмаар аарцаг, нуруу нь маш хүнд гэмтсэн. Дээрх шиг хашлага давах гэж байгаад амь насаа алдсан харамсалтай тохиолдол ч байдаг. Харааны бэрхшээлтэй хүмүүс цагаан таягаараа мэдрэхгүй байгаа бол мөргөж, унаж байж л аюулыг мэддэг. Стандартын дагуу зам нь тавигдахгүй байна. Тавьсан зам дээр нь машин, гэрлийн шон байрлуулчихсан байх жишээтэй.

Нийтийн тээвэр: Автобус гадагшаа ямар чиглэлийн автобус ирж байгаагаа зарлах нь бидэнд маш чухал байдаг. Автобус ирээд зогсоход ямар чиглэлийн автобус ирсэн талаар зарлаж өгөхгүй бол бид түүнийг мэдэх ямар ч боломжгүй байна.

Боловсрол: Монгол Улсад хараагүй хүмүүсийг нөхөн сэргээх чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа тогтолцоо өнөөдрийг хүртэл байхгүй байна. Хараагүй хүүхдүүд гэртэйгээ ойрхон суралцах боломж нь өдийг хүртэл бий болж чадаагүй байна.

Сонгууль: 2013 оноос хойш брайль саналын хуудсыг хэвлэн гаргаж харааны бэрхшээлтэй иргэд бие даан сонгууль өгөх эрхээ эдэлж ирсэн. Харамсалтай нь энэ жилийн УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар хараагүй хүмүүсийн бусдын тусламжгүйгээр хараат бусаар бие даан сонгууль өгөх эрх нь зөрчигдлөө.

Тухайлбал энэ жилийн хоёр сонгуулиар брайль саналын хуудас нь хүртээмжгүй, харааны бэрхшээлтэй хүн тэмтэрч унших боломжгүй байлаа. Бид УИХ-ын сонгуулийн дараа энэ тухай гомдол гаргасан ч хариу ирээгүй. Орон нутгийн сонгууль дээр үүнийгээ сайжруулж ажиллаж болов уу гэж бодсон боловч Сонгуулийн ерөнхий хороо энэ тал дээр ажилласангүй. Хэрэв энэ нөхцөл байдлыг олон улсын байгууллагад хандах юм бол хоёр сонгууль хүчингүй болох ч үндэслэлтэй.

Хараагүй хүн нь сул болон бүрэн хараатай гэсэн хоёр янз байдаг. Сул хараатай хүн сонгуулиа өгөх гэж очоод “Бидэнд зориулсан брайль саналын хуудас хаана байна” гэхэд тухайн сонгуулийн хэсгийн хорооны ажилтан томруулдаг шил ашиглаж саналаа өгөх шахалтыг өгсөн байна. Томруулдаг шил ашиглаад ч энгийн хүнд зориулагдсан сонгуулийн хуудсыг харж чадахгүй хүн байж болно. Тийм учраас брайль саналын хуудсаар саналаа өгөх бүрэн нөхцөлөөр нь хангасан байх ёстой юм” гэв.

Үргэлжлүүлэн тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Очирренчин ”Ц.Батбаатар захиралтай “UB group”-н хамт олон харааны бэрхшээлтэй иргэдийн амьдарч буй орчин тойрныг сайжруулъя, замыг засъя гэх амлалтыг өнгөрсөн оны аравдугаар сарын 15-ны өдөр харааны бэрхшээлтэй 300, 400 хүн цугласан танхимд өгөөд гарч байсан. Түүнээс сар гарны өмнө Ц.Батбаатар захирал өөрийн цахим хуудсаараа харааны бэрхшээлтэй хүмүүсийн замыг засаж сайжруулахад аж ахуйн нэгж, компаниуд нэгдээрэй гэх хандив цуглуулсан шууд бичлэг хийсэн. 500 орчим сая төгрөгийн ажил хийнэ гэсэн амлалт өгсөн ч өнөөдрийг хүртэл уг амлалтдаа хүрээгүй байна.

Харааны бэрхшээлтэй иргэдийн нэрийг барьж цахим орчинд хандив цуглуулж болох ч тус хандиваа хэрэгцээтэй хүмүүст нь зарцуулж амласан амлалтдаа хүрэхгүй байх нь тухайн хүний хувьд ёс зүйгүй асуудал юм гэж Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны олон гишүүд үзэж байгаа юм. Хамгийн сүүлд буюу есдүгээр сарын 15-ны өдөр бид Ц.Батбаатар захиралтай уг асуудлаар холбогдоход “Ер нь хийж өгөх албатай юм уу?” гэх хариуг өгсөн” гэв.

Дэлхийн цагаан таягтны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тус холбооноос Сүхбаатарын талбай дээр хүмүүсийн нүдийг боогоод, таяг бариулан автобусны буудал дээрээс автобусаа олж сууж чадах үгүйг харуулах акц зохион байгуулах аж.

 


URL: