Нобелийн шагналтны сургаар номын дэлгүүрүүд хүний хөлд дарагдав
Өмнөд Солонгосын зохиолч Хан Ган утга зохиолын төрөлд Нобелийн шагнал хүртсэн билээ. Нобелийн шагналтанг зарласны дараачаас эхлээд Солонгосын томоохон номын дэлгүүрүүд Хан Ганы номыг худалдаж авах гэсэн уншигч олны хөлд дарагджээ.
Баасан гаригийн өглөө Сөүлийн Гванхвамун дахь Кёобо номын дэлгүүр онгойх болоогүй байхад гадаа нь хүмүүс дараалан зогссон байв. Дэлгүүр 09:30 цагт онгойсон боловч Хан Ганы номууд тэр даруй дуусчээ. Ингээд 10:30 цагийн үед лангууг Хан Ганы номуудаар дахин дүүргэсэн байна.
Кёобо болон бусад дэлгүүрийн цахим хуудас хүртэл ачааллаа дийлэхгүйд хүрч, холболтын саатал гарчээ. Цаашилбал, “Kyobo”, “Yes24″ цахим дэлгүүрүүдийн шилдэг борлуулалттай номоор Хан Ганы номууд шалгарсан байна. Хоёр цахим дэлгүүрээр хагас өдөр хүрэхгүй хугацаанд Хан Ганы ном 130 мянга гаруй ширхэг зарагдсан.
Нобелийн шагналтанг зарласнаас хойш Хан Ганы номуудын борлуулалт огцом өссөнийг “Yes24″-ийн борлуулалтын мэдээнээс харж болно. Тодруулбал, “Human Acts” номын борлуулалт 784 дахин, “The Vegetarian” 696 дахин, “We Do Not Part”-ын борлуулалт 3422 дахин өсчээ.
Номын дэлгүүрүүд дэх Хан Ганы номууд дуусч, захиалгад дарагдсан тул зохиолчтой хамтран ажилладаг хэвлэлийн газрууд яаралтай хуралдахад хүрсэн байна.
https://news.mn/r/2757541/
URL: