Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлээ

5eec6a8c203b362d468da0ee08653080Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-ын урилгаар энэ сарын 10-13-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийлээ.

Төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээ ажил хэрэгч, найрсаг болж, талууд Монгол, Туркменистаны найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг баяжуулах, хөдөө аж ахуй, зам тээвэр, логистик, аялал жуулчлал, боловсрол, соёл, зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Хоёр улсын Төрийн тэргүүн нар “Монгол Улс, Туркменистан Улсын харилцаа, хамтын ажиллагааны тухай хамтарсан мэдэгдэл” гаргасан юм. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол, Туркменистаны харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг нийгэм, эдийн засгийн чухал салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхээр тохиролцож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгууллаа. Эдгээр баримт бичиг нь зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэр, логистикийн шинэ чиглэлийг бий болгох, улмаар худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлэх болно. Хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах тухай баримт бичгүүдийг байгуулж, Монгол, Туркменистаны зах зээлд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн гаралтай бараа бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэхээр тохиролцлоо” гэв. Энэ удаагийн айлчлалаар аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай баримт бичгийг байгуулсан нь Монгол, Туркменистаны ард иргэд улс орноо харилцан сурталчлан таниулах, хоёр улсын түүх, соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн хоёр улсын нийслэл Улаанбаатар, Ашхабад хотуудын хооронд ах дүүгийн харилцаа тогтоох, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санал нэгджээ.

Мөн Монгол Улсын санаачилгаар үүсгэн байгуулагдсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т Туркменистан Улс ойрын хугацаанд нэгдэхээ илэрхийлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL: