Хавдар судлалын шинэ эмнэлэг барихад кувейтууд туслах уу?
Монгол Улс Кувейтын сангийн дэмжлэгтэйгээр Түлэнхийн шинэ эмнэлгийг барьж ашиглалтад оруулсан бол Хавдар судлалын хоёр дахь эмнэлгийг барихад шаардлагатай санхүүгийн дэмжлэгийг Кувейтийн сангаас мөн хүсээд байна.
Улсын хэмжээнд жилдээ 7000 гаруй хавдрын шинэ тохиолдол бүртгэгддэгээс 60 хувь нь хожуу шатандаа оношлогддог байна. 2040 он гэхэд хорт хавдрын өвчлөл 108 хувиар, нас баралтын тоо хоёр дахин нэмэгдэх урьдчилсан судалгааны үр дүн гарчээ. Иймээс Хавдар судлалын салбар эмнэлгийг байгуулах нэн шаардлагатай болсон.
Хавдар судлалын шинэ эмнэлгийг барих газар бэлэн болсныг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар саяхан мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, санхүүжилтийн эх үүсвэр бүрэн шийдэгдвэл шинэ эмнэлэг баригдах боломжтой болох юм.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ асуудалд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Кувейтийн сангийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Шамлан Аль-Бахар тэргүүтэй төлөөлөгчдөд тавиад байна. Кувейтийн сангийн зүгээс санхүүжилтийг шийдвэрлэхэд анхаарал хандуулж ажиллахаа мэдэгдээд байгаа юм.
Сануулахад, Түлэнхийн шинэ эмнэлэг барихад Куветийн сангаас найман сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн билээ.
Г.ХОРОЛ
https://news.mn/r/2757258/
URL: