Ковидоор өвчилснөөс хойш гурван жилийн дараа ч зүрх судасны өвчний эрсдэл өндөр хэвээр байна
Гурван жилийн өмнө Covid-19 өвчин тусаад эдгэрсэн хүмүүст зүрхний шигдээс, цус харвалтын эрсдэл өндөр хэвээр байгааг шинэ судалгаа харуулжээ.
Энэ судалгааны үр дүн өчигдөр анагаах ухааны “Atherosclerosis, Thrombosis, and Vascular Biology” сэтгүүлд нийтлэгдсэн юм.
Судлаачид Их Британийн нэг сая иргэний эрүүл мэндийн мэдээллийн сан болох UK Biobank-аас дөрөвний нэг орчмынх нь мэдээллийг авч ашиглажээ.
Үүний 11,000 гаруй нь 2020 онд коронавирусийн халдвар авсан нь оношлогдож байснаас 3,000 орчим нь хүндээр өвчилж, эмнэлэгт эмчлүүлж байсан байна.
Бусад 222,000 орчим нь ижил хугацаанд коронавирусийн халдвар авч байсан түүхгүй хүмүүс байжээ.
Халдвар авсан болон авч байгаагүй хүмүүсийг харьцуулахад халдвар авч байсан хүмүүсийн зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэл өнөөдөр хоёр дахин өндөр байгааг тогтоосон байна.
Хүндээр өвчилж байсан хүмүүсийн эрсдэл бүр гурваас дээш дахин өндөр байгааг тогтоожээ.
Өөрөөр хэлбэл халдвар авч байсан хүмүүсийн зүрх судасны өвчний эрсдэл цагийн уртад буурахгүй байгаа нь энэ судалгаанаас харагдсан байна.
“Ийм эрсдэл буурах шинж ажиглагдахгүй байна. Миний бодлоор энэхүү судалгааны хамгийн сонирхолтой үр дүн энэ юм” гэж судалгааг ахалсан Кливлэндийн Эмнэлгийн Зүрх Судас, Бодисын Солилцооны тасгийн эрхлэгч, доктор Стэнли Хазен ярьжээ.
“Томуу гэх мэт ямар нэг төрлийн халдвар авсан бол энэ нь нянгийн болон вирусийн гаралтай эсэхээсээ үл хамаараад зүрхний шигдээс тусах эрсдэлийг нэмэгдүүлэг нь эртнээс мэдэгдэж байсан зүйл. Гэхдээ энэ эрсдэл халдвар авснаас хойш удалгүй арилдаг. Ковид нь бусад төрлийн халдварт өвчнүүдээс эрс ялгаатай болохыг энэ судалгаа харуулж байна” гэж дээрх судалгаанд оролцоогүй Миннесота мужийн Рочестер дахь Майо Эмнэлгийн доктор Патрисиа Бэст ярьж байна.
Гэхдээ судлаачдын аль аль нь Ковид яагаад ийм урт удаан хугацаанд нөлөөлдөг шалтгааныг тайлбарлаж чадаагүй юм.
“Ковид артерын хана, судасны системд гэмтэл учруулж, тэр нь цаг хугацааны уртад нөлөөлдөг байж магадгүй юм” гэж Өмнөд Калифорнийн Их сургуулийн Кэк Анагаах Ухааны сургуулийн биохими, молекулын генетикийн профессор Хомэн Аллайе тайлбарлажээ.
“Хэрвээ та Ковидын халдвар авч байсан бол зүрх судасны эрсдэлийг бууруулахад онцгой анхаарах хэрэгтэй” гэж Хазен эмч зөвлөж байна.
Тухайлбал цусны даралт, цусан дахь холестериний хэмжээг байнга хянах, бас өдөр бүр аспирин уухад буруудахгүйг тэр зөвлөжээ.
Түүний үзэж байгаагаар вакцин Ковидын хүндрэлийг бууруулдаг тул зүрх судасны эрсдэлийг ч бас бууруулдаг байх магадлалтай гэнэ.
Гэхдээ вакцинжуулалтад хамрагдсан эсэхээсээ үл хамааран Ковидоор өвчилж байсан бүх хүмүүс зүрх судасны өвчлөлөөс болгоомжлох хэрэгтэйг тэр анхааруулжээ.
Эх сурвалж: CNN
URL: