“Covid-19″-ийн вакцины оронд хорт бодис тарьжээ
Их Британийн нэгэн эмч өв залгамжлалын асуудлаас бол ээжийнхээ найз залууг хөнөөх гэж оролджээ. Тодруулбал, Сандерландад байрладаг өрхийн эмч Томас Кван 24 км-ийн цаана амьдардаг ээжийнхээ гэрт зүсээ хувирган очиж, найз залуу болох 72 настай Патрик О’Харад “Covid-19″-ийн давтан тун тарьсан байна. Гэвч уг тариа нь “Covid-19″-ийн вакцин бус пестицид гэх хорт бодис байсан гэж таамаглаж байна.
Үүнээс болж О’Хара арьс,мах иддэг ховор өвчин тусч, эрчимт эмчилгээнд оржээ. 53 настай Кванд хүн амины хэрэг үйлдэхийг завдсан гэх хэрэг тулгаж байсан ч тэрбээр Даваа гаригт гэм буруугаа хүлээснээр ялын хэмжээ өөрчлөгдөнө. Прокурор Томас Макэйпис шүүхэд хэлэхдээ, “Кван ээжийгээ нас барсны дараа үл хөдлөх хөрөнгийг нь өвлөн авах хүсэлтэй байсан тул урт хугацааны найз залуу, хамтран амьдрагч О’Хараг хөнөөх шаардлагатай болсон” гэжээ.
Хортой тариа тариулсны маргааш О’Харагийн гар цэврүүтэж, өвдсөн байна. Тэрбээр эмнэлгийн тусламж авахаар очсоноор үхжилт фасцит гэж оношлогджээ. Тархалтыг зогсоохын тулд гарных нь нэг хэсгийг тасалсан бөгөөд О’Хара хэдэн долоо хоног эрчимт эмчилгээнд хэвтжээ. Хяналтын камерын бичлэгийн тусламжтайгаар Кванийг олж, тогтоосон байна.
Түүний гэрт цагдаа нар нэгжлэг хийж, хүнцэл, шингэн мөнгөн ус зэрэг олон тооны химийн бодис, мөн химийн зэвсгийн рицин хийхэд ашиглаж болох кастор шош олсон байна. Краун прокурорын албаны Кристофер Аткинсон хэлэхдээ, Кван хорыг тодорхойлохоос татгалзсан нь “хохирогчийн эрүүл мэнд улам дордох боломжийг олгосон” гэжээ. Хохирогч О’Харагийн амийг хөнөөх оролдлого амжилтгүй болсон ч үр дагавар нь аймшигтай хэвээр байгаа юм. Мөрдөн байцаалт дууссаны дараа Кван ял авах болно.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
URL: