Дэлхийн хамгийн жижиг рубик шоог бүтээжээ

ultra-mini-rubik-2024-play-image-0918-rgb-810x500Японы тоглоом үйлдвэрлэгч “MegaHouse” дэлхийн хамгийн жижигхэн рубик шоог бүтээжээ. Хөнгөн цагаанаар хийсэн тус шоо нь хааш хаашаагаа таван мм хэмжээтэй, 0.3 гр жинтэй. Харин жижиг нүд тус бүр нь 1.6 мм хэмжээтэй. Энэ нь үндсэн рубик шоог 1000 хуваасны нэгтэй тэнцэх хэмжээ юм.

Хэрэглэгчид өнгөрсөн Пүрэв гаригаас эхлэн шоог урьдчилан захиалах боломжтой болсон бөгөөд хүргэлт ирэх дөрөвдүгээр сард хийгдэх аж.

“MegaHouse” компани шооны төслийг дөрвөн жилийн өмнөөс боловсруулж эхэлжээ. Харин үйлдвэрлэх үйл явц 2022 оноос эхэлсэн байна. Улмаар өнгөрсөн наймдугаар сард дэлхийн хамгийн жижиг шоо гэдэг нь батлагдаж, Гиннесийн номд бичигдсэн.

Шоо 777,777 иен буюу 5320 ам.доллараар зарагдана. Худалдаанд гарах шоо бүр “Дэлхийн дээд амжилт тогтоосон хамгийн жижиг рубик шоо” гэсэн тавиуртай ирнэ.

Унгарын зохион бүтээгч Эрно Рубик 1974 онд анх эвлүүлдэг шоог зохион бүтээсэн. Үүнээс хойш 500 сая гаруй рубик шоо зарагджээ. Энэ жил рубик шооны 50 жилийн ой тохиож байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN


URL: