Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.10.04) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан гишүүдийн 52.4 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал танилцуулсан.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээрийн зүйлийн 39.24-т заасныг үндэслэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн санал, дүгнэлтэд дурдсан байв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, М.Нарантуяа-Нара, Х.Баасанжаргал нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин “Цагдаагийн албаны тухай хуулийн нэг заалт иргэний эрх, эрх чөлөөг хязгаарлаж, хүний үндсэн эрх, эрх чөлөөг дордуулж байгаа талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дурдсан. Гэхдээ салбарын хуульд нь холбогдох зохицуулалт байхгүй атал хүний эрхийг зөрчдөг байгууллага цөөнгүй байгааг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо анхааралдаа авч, цаашид иргэний үндсэн эрхэнд халддаг энэ байдлыг зогсоох чиглэлээр ажиллах нь зүйтэй” гэж байлаа.
Хуулийн төсөлд 26.2 дахь хэсгийг “Энэ хуулийн 26.1-д заасан хугацааг хүнийг саатуулсан үеэс эхлэн тооцох бөгөөд энэ хуулийн 22.2-т заасныг танилцуулна” гэж өөрчлөн найруулахаар тусгасан байв. Ингээд Байнгын хорооны дэмжсэн саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Дараа нь Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.Хуулийн төслийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл нар тус тус танилцуулсан.
Экспорт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд 2022-2024 онд хэрэгжүүлсэн цогц арга хэмжээний үр дүнд ашигт малтмалыг “ам үнэ”-ээр бус “хил үнэ”-ээр борлуулдаг болсон. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоо бүрдэж, ашигт малтмалын гэрээний бүртгэл бүрэн хийснээр уул уурхай болон ашигт малтмалын тээврийн салбарт ил тод байдал сайжирсан. Эдгээрийн үр дүнд Монгол Улсын эдийн засаг 2022 онд 5 хувиар, 2023 онд 7.4 хувиар, 2024 оны эхний хагаст 5.6 хувиар тус тус өссөнийг Тэргүүн шадар сайд танилцуулгадаа онцлов.
Түүнчлэн ирэх жилүүдэд хэрэгжих бүтээн байгуулалтын төслүүд, экспортын хандлага, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбаруудын төлөв байдал болон худалдааны түнш улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдал зэргийг харгалзан эдийн засгийн өсөлтийг 2025 онд 8 хувь, 2026, 2027 онд тус тус 6.5 хувь орчимд байхаар тооцоолсон гэлээ.
2025 онд 14 мега төслийн хэрэгжилт эдийн засгийн 8 хувийн өсөлтийн 2.2 хувь буюу дөрөвний нэгийг бүрдүүлэхээр байна. Улмаар 2025 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 95 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 6,800 ам.доллар болж нэмэгдэнэ. Мөн экспорт 19 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын нөөц 5.7 тэрбум ам.долларт хүрэхээр байна. Цаашид валютын нөөцийг зузаатгаж, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой нэмэгдүүлэн, төсөв, мөнгөний оновчтой бодлогыг хэрэгжүүлснээр инфляцыг 2025 онд 7.5 хувь, 2026 онд 5 хувь, 2027 онд 4 хувьд хүргэхээр хуулийн төсөлд тусгасан гэж байлаа.
Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа явуулсан. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл санал, дүгнэлтдээ онцолсон.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Төсвийн хүрээний мэдэгдэл дэх эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлтийнхээс зөрүүтэй байгаа шалтгаан, мега төслүүдийг хэрэгжүүлэх явцад төсөвт өртөг нь нэмэгдэж, улмаар төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт орох нөхцөл байдал үүсэх эрсдэлийг тооцсон эсэхийг гишүүд тодруулж байлаа.
Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хариултдаа “Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд туссан үзүүлэлтийн тоонууд зөрүүтэй байгаа. Ер нь Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн тооцоолол ч зөрүүтэй байдаг. Төсвийн хүрээний мэдэгдэл үндсэн есөн үзүүлэлтэй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсантай холбогдуулан 2025 оныхоо тоог л шинэчилж буй хэрэг. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 2024 онд 8 хувь гэдгийг баталсан тул бид энэ тоог барина гэж бодож байгаа” хэмээв.
Мөн Сангийн сайд Б.Жавхлан, Төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтэд тавьсан тоонуудыг дээд хязгаар гэж ойлгох хэрэгтэй. Эл хязгаарт тааруулж төсвийн төслөө өргөн мэдүүлсэн. Иймд Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын зардал хэсэгт асуудлыг нарийвчлан тооцож тусгасан хэмээн хариулж байлаа.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан урьдчилан нэр өгсний дагуу УИХ дахь АН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин үг хэлсэн. Тэрбээр зарчмын хувьд төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд “Энэ жил төсвийн орлого, зарлагын хязгаарыг дээд хэмжээнд нь хийжээ. Төсвийн орлогоо төвлөрүүлж чадахгүй тохиолдолд өндөр зарлагуудаа нөхөж чадахгүйд хүрч, эдийн засагт хүндрэл үүсэх эрсдэл байна” хэмээн анхаарууллаа.
Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.9 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ
Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ.
Хуралдаан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны улсын төсвийн төслийг танилцуулгаар үргэлжиллээ. /бүрэн эхээр нь эндээс/
Тэрбээр, Монгол Улсын эдийн засгийн 2025 оны өсөлтийн төсөөллийг Дэлхийн банк 4.8 хувь, Олон улсын валютын сан 4.1 хувь гэж тооцож байсан бол зээлжих зэрэглэл “В+” тогтвортой түвшинд хүрч, нэг хүнд ногдох үндэсний нийт орлогоор Дэлхийн банкны ангиллаар дунджаас дээгүүр ангилалд шилжиж, хамтарсан Засгийн газар байгуулагдан хөгжлийн томоохон төслүүдийг хөдөлгөхөөр зарласнаас хойш төсөөллөө ахиулж зургаа болон түүнээс дээш хувь байхаар тооцооллоо шинэчилсэн гэв.
Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн 5-аас доошгүй төслийг 2025 оны төсвийн жилд эхлүүлж чадвал оны эцэст ДНБ 95.0 их наяд төгрөгт хүрнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
14 мега төслийн 5-аас доошгүй нь хэрэгжиж эхэлснээр 2025 оны төсвийн жил төлбөрийн тэнцэл болон валютын нөөцийн эрсдэлгүй болно. Уул уурхайн ашигт малтмалын хайгуул, лиценз олголтын асуудлыг ил тод болгох, боловсруулах үйлдвэрийг татварын орчноор дэмжихээс гадна, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүчний салбарыг онцгой анхаарч, эдийн засгийг төрөлжүүлэх зардлуудыг энэ оны төсөвт суулгасан гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа дурдлаа. 2025 оны төсвийг эдийн засгийн суурийг тэлэх дэд бүтцэд зарцуулж, төсвийг тэгшитгэн хуваадаг тогтсон хандлагаас зориг гарган салах шаардлагатай хэмээсэн.
Засгийн газраас боловсруулсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэгдсэн төсвийн үзүүлэлтийг 2025 оны төсвийн нийт эх үүсвэр 35.8 их наяд төгрөг, урсгал зардал 24.5 их наяд төгрөг, хөрөнгө оруулалтын зардал 4.3 их наяд төгрөг, Тогтворжуулалтын сан 608.9 тэрбум төгрөг, Үндэсний баялгийн сан 2.4 их наяд төгрөг байхаар тооцжээ.
2025 оны төсвийг төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлж чадвал, эдийн засгийн өсөлт 7-8 хувь болж, экспортын орлого 19.0 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын нөөц 5.7 тэрбум ам.доллар болон нэмэгдэж, өрхийн бодит орлого дунджаар 15 хувиар өсөж, бизнес эрхлэх таатай орчин бүрдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэх, 35.0 мянган ажлын байр шинээр бий болно гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа онцлон тэмдэглэв.
Дараа нь хуулийн төсөлд хийсэн Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, бүсчилсэн хөгжлийн цогц реформ, нийслэлийн төвлөрлийг сааруулах том төслүүдийг эхлүүлэх зорилтын хүрээнд төсөвлөгдсөн байна.
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурт нийцэж байгаа эсэхэд аудитаар дараах дүгнэлтийг гаргажээ. Үүнд:
Нэг. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой нийцэж байна.
Засгийн газрын өрийн үлдэгдэл 2025 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 42.6 хувьд хүрэх төсөөлөлтэй байхаар тооцоолон тусгасан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3-д заасан төсөв, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцаатай нийцэж байна.
Хоёр. Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 33,864.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.6 хувь, нийт зарлага 35,795.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, төсвийн суурь тэнцэл 1,909.5 тэрбум төгрөгийн ашигтай, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,930.5 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэж байхаар төлөвлөжээ.
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх, Нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь тухайн жилийн ДНБ-ий хоёроос дээш хувийн ашигтай байх, Нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн ДНБ-ий 30 хувиас хэтрэхгүй байх, Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх гэсэн тусгай шаардлагуудыг хангасан байна.
Гурав. Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл нь урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлалд нийцсэн боловч Улсын Их Хурлаас тухайн жилийн улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлаагүйгээс түүнд чиглэсэн эсэхийг харьцуулан дүгнэх боломжгүй хэмээн дурдсан байлаа.
Түүнчлэн уг дүгнэлтэд үндэслэн улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг жилийн төсвийн төслийг боловсруулахаас өмнө баталж байх, Төсвийн тухай хуульд заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, төсвийн ил тод байдлыг хангах зарчмын хүрээнд төсөвлөлтийн шаардлага хангаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төсөвт тусгахгүй байхыг анхааруулсан байв.
Үргэлжлүүлэн хуулийн төслийн талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг тус зөвлөлийн дарга Н.Энхбаяр танилцуулсан.
Уг дүгнэлтэд, Төсвийн орлого төлөвлөлтийн талаар:
-Төсвийн орлогыг эдийн засгийн мөчлөг дагуулан өндрөөр төлөвлөж байна.
Төсвийн зарлага төлөвлөлтийн талаар:
-Эдийн засаг дахь төрийн оролцоо өндөр байна
-Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хариуцлагыг нэмэгдүүлэx шаардлагатай байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар:
-Хөрөнгө оруулалтын бодлого нь макро эдийн засаг, нийгмийн тэргүүлэх зорилгод чиглэсэн байна.
-Хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх шаардлага байна.
-Хөрөнгө оруулалтын төслийг сонгох, эрэмбэлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай.
-Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн оновчтой хувилбарыг тодорхойлох шаардлагатай.
Засгийн газрын нийт өр, төлбөрийн талаар:
-Засгийн газрын өрийн үлдэгдэл жил ирэх тусам нэмэгдэж байна гэж тус тус дурдсан байлаа.
Өнгөрсөн жилүүдэд олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын талаар гаргаж ирсэн удаа дараагийн тайланд тусгагдсан дүгнэлт, зөвлөмжүүдтэй Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлт нийцэж байгаа аж. Дэлхийн банкнаас 2018 онд гаргасан Эдийн засгийн тоймд “Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь ил тод байдлыг нэмэгдүүлж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжиж, төсвийн үйл ажиллагааны талаар эрүүл зөвлөмжийг гаргадаг” гэж дүгнэсэн хэмээн Н.Энхбая онцолж байлаа.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар “Монгол Улсын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөг баталсны дараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцдэг. Учир нь хуулийн төслүүдийн нийцлийг хангах холбогдох хуулийн заалтай” гээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь холбогдох заалтад үндэслэн тав хоногийн завсарлага авах саналаа танилцууллаа. Уг саналыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хүлээн авсан. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
URL: