О.Алтангэрэл: “5Ш” ажиллагаа үргэлжилнэ, гэхдээ мөнх үргэлжилдэг ажиллагаа гэж байхгүй
Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр /2024.10.01/ нээлтээ хийлээ. Энэ үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ямар хуулийн төслүүдийг өргөн барих төлөвлөгөөтэй байна. Хэрэгжилтийн тал дээр хэр анхаарч ажиллах вэ?
-Аравдугаар сарын 2-нд Засгийн газрын хуралдаанаар Авилгын эсрэг багц хууль болон хүний эрхийн багц хуулийн танилцуулга хийгдэнэ. Бид намрын чуулгандаа багтаагаад Засгийн газарт өргөн барина гэсэн төлөвлөгөөтэй байна. Товчхондоо өнгөрсөн хугацаанд монгол төрийн өндөр албан тушаал хашиж байсан, улстөрд нөлөөтэй байсан этгээдүүд, өнгөрсөн хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа, хуулийн цоорхойгоор ял завшсан хүмүүсийн хууль бусаар олсон хөрөнгийг хураах ёстой. Энэ заалт 2002 онд Монгол улс эрүүгийн хуульд туссан. Гэмт хэрэг үйлдэж орсон орлогыг заавал хураах зарчим, 2012 оноос Монгол улсын эрүүгийн хуульд шинээр орсон хууль бусаар хөрөнгөжих гэмт хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагааг боловсронгуй болгох ёстой. Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахад Авилгатай тэмцэх газар, авилгын эсрэг тэмцэж байгаа байгууллагуудын эрх зүйн орчныг сайжруулах ёстой гэсэн шаардлагын хүрээнд бид хууль тогтоомжоо боловсруулж байна.
-Оффшорт байгаа хөрөнгийг Монгол Улсад яаж оруулж ирэх вэ. Хууль бусаар ороод ирсэн мөнгө монголд байхгүй гэдэг асуудал үе үеийн хууль зүйн сайд нар ярьдаг байсан. Таны хувьд энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ?
-Хамгийн түрүүнд хууль бусаар олсон мөнгө гэдгийг тодорхойлох ёстой. Хууль бус гэхээр заавал гадаадын дансанд сая саяаараа байж байдаг зүйл биш шүү дээ. Өнөөдөр төрийн албанд алба хашиж байсан нөхөр тэрбумын үнэтэй байшинд амьдраад, хэдэн зуун саяын машин унаад явж байгаа нь ард түмний нүдэн дээр ил байна. Бид нүдэн дээр ил байгаа зүйлийн тухай л ярьж байгаа. Өдөр тутам таардаг, амьдралд тохиолдож байдаг энэ зүйлүүдийг бид нар яаж цэгцэлж цэвэрлэх юм. Дахиж төрийн албанд зүтгэсэн хүмүүс нь төрийн өмчит компанийн захирал байсан гэдэг юм уу, төрийн албанд ямар нэгэн албан тушаалтай байсан хүмүүс нь эх үүсвэр нь тодорхойгүй мөртлөө мөнгөлөг, бийлэгжүү байгаад байдаг эргээд улстөрөө худалдаж аваад байдаг байдлыг цэгцлэх тал дээр л ажиллаад байгаа юм. Тэгэхээр хэд хэдэн төрлийн үгүйсгэл болон дайруултууд ирээд байна. Хөрөнгө мөнгө чинь гадаадад байгаа олдохгүй гэж байна. Хүмүүсийг хэлмэгдүүлж, хөрөнгийг нь хураах гэж байна гэсэн яриа тархаад байна. Энэ бүхэн хувийн хэвшил болоод үнэнч шударгаар амьдарч байгаа ард түмэнд холбоотой зүйл заалт огт биш. Өнгөрсөн жилүүдэд Монголын нийгмийн “хавдар” болсон авилгачдад л хамаатай зүйл гэдгийг дахин дахин хэлмээр байна.
-Өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлж байсан “5Ш” ажиллагааг та үргэлжлүүлэх үү?
-5Ш ажиллагаа үргэжилж байгаа үр дүнд хүртлээ үргэжилнэ. Тухайлбал, “Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад улсад интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг цагдаагийн байгуулллагаас барьж, эх орондоо авчирч байна. Шүүр болон шүгэл ажиллагаа үргэлжилнэ. Гэхдээ мөнх үргэлжилдэг ажиллагаа гэж байхгүй.
-“Бордюр”-ны асуудал дээр Хууль зүйн сайд ажлын хэсэг гаргасан уу? Энэ тал дээр хууль хяналтын байгууллага шалгаж байгаа байх?
-Хууль зүйн сайдын хувьд ямар ч мэдээлэл байхгүй байна. Өчигдөр л гэнэт хүмүүс бордюрны ажлын хэсэг танай дээр байгуулагдсан юм уу гэж их асуусан. Хууль зүйн дотоод хэргийн яам бол Монгол улсын хууль зүйн болоод дотоод хэргийн бодлогыг боловсруулж байгаа газар. Албан тушаалын гэмт хэрэгтээ гэдэг юм уу, тодорхой төрлийн гэмт хэргүүдтэй тэмцэх өргөдөл гомдол шалгаж байгаа газар гэвэл авилгатай тэмцэх газар байна. Яаман дээр бол энэ талаар шалгах үйл ажиллагаа бол явагдаагүй байна.
URL: