Ц.Хулан хорих ангиас Ерөнхийлөгчид захидал бичжээ

3b3ec3f1fc85eb2ef89878bd1de75e47Төрийн нууц задруулсан хэргээр ял эдэлж буй яруу найрагч Цоодолын Хулан хорих ангиас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан ил захидал бичжээ.

Тэрээр захидалдаа “Намайг хаа хамаагүй Х богдын асуудалд орооцолдуулан Х Богдыг ширээнд залах үйл явцыг эсэргүүцсэн, удаашруулсан, саармагжуулсан гэх эрүүгийн хуульд огт байхгүй ойлголтоор яллаж, таслан шийтгэсэн юм. Х Богдыг эгэл ард түмэн, эрдэм оюутнуудын дундаас төрүүлэх нь зүйтэй гэж би үзэж, сэтгүүлчийн хувьд бичиж, 2014 оноос хойш уг үзэл бодлоо илэрхийлж, соёлын өвдөө хайхрамжгүй хандан алга болсон, хүүхдийг хүчирхийлэлд өртүүлдэг асан Гандан хийдийн захиргаатай зөрчилдөж байсан юм. Гандан хийдийн зүгээс Х Богдын асуудлыг өмчирхөж буйг таслан зогсоох үүднээс Х Богдыг мөнгө, улс төрөөс хол ангид байлгахыг гуйж Далай ламд захидал бичиж өргөсөн. Эдгээр үг үйлдлийг Хятадын тагнуулын үйл ажиллагаа гэж мушгин гуйвуулж, дархалж, буруу ойлгож хэрэгт унагасанд гомдолтой байна. Би төрийн нууц задруулаагүй. Миний дансанд нэг ч юань, төгрөг, доллар ороогүй. Гэм буруугүй гэдгээ мэдсээр байж, амьдрал хувь заяаны өчүүхэн сорилгод би нугарахгүй. Хэргийг минь улстөржихгүй, бодит үнэнээр нь шүүлгэхийг л Төрийн тэргүүн танаас хүсч, энэхүү захидлаар хандав” гэжээ.

Мөн өөрийг нь ЭХТА-ийн 19.4.1 зүйл анги ба гадаадын тагнуултай хамтран ажилласан хэмээн буруутгаж, зүйл ангийн ялын доод хэмжээ, 8 жил нээлттэй хорих ял оногдуулсныг дурдаад, хэргийг таслан шийтгэхэд Тагнуулын ерөнхий газар, прокурор, шүүх байгууллагын ажиллагаанд ноцтой алдаа завхралууд гарсныг мэдэгдэн, намынхаа харьяаллаас түдгэлзсэн Төрийн тэргүүний хувьд улс төрөөс ангид байж ирсэн надад тохиосон шинэ цагийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохыг хүсье гэсэн байна. Шүүх байгууллагын ажиллагаанд ноцтой алдаанууд гарсан гэдэг нь “Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хуланг 2018 оны гуравдугаар сард хятад судлаач, тухайн үеийн ГХЯ-ны өндөр албан тушаалтан “Б” хэний захиалга ямар зорилгоор Хятадын НШУ-ны хүрээлэнгийн ажилтнуудтай уулзуулсан нь тодорхойгүй. Үүнийг прокурор, шүүх шалгаж тогтоогоогүй. Дээрх “Б” гэгч этгээд нь Хятадын НШУ-ны хүрээлэнгийн дээрх хүмүүстэй 1990-ээд оноос хойш дотно хамтын ажиллагаа явуулж ирснийг бусад 6 гэрч мэдүүлэг өгсөөр байтал Б-г эцэслэн шалгах сонирхол прокурорт ч, шүүхэд ч, ТЕГ-т ч байсангүй. Ц.Хуланг яллах дүгнэлт үйлдэхэд ТЕГ-ын зүгээс дээр хятадын ажилтнуудыг тагнуул мөн гэсэн нэг ширхэг тамга тэмдэггүй хуудас баримтаар магадалж өгсөн байдаг. Тэгвэл Монголын тагнуул тэднийг тагнуул мөн гэж анхнаасаа мэдсээр байж, Б-гээр зуучлуулан Хуланг яагаад зориудаар тагнуултай танилцуулж, бүтэн таван жил хамтран ажиллуулах зорилготой байв зэргийг шүүх сонирхсонгүй.

Үүгээр зогсохгүй “Б” нь 2018 онд МАН-ын улс төрч Д.Цогтбаатар, Ц.Нямдорж нарын оролцоотойгоор АНУ-аас Шашин Эрх чөлөөний хууль оруулж ирсэн. Уг хууль УИХ-аар батлагдахыг Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан эсэргүүцэж, ҮАБЗ-ийн өргөтгөсөн хурал зарлуулан, шинжэээчээр хэлэлцүүлсэн. Уг хууль нь Үндэсний аюулгүй байдалд ноцтой харшлах тул УИХ-аар хэлэлцүүлж шаардлагагүй гэсэн дүгнэлтийг 15 эрдэмтэн судлаач санал нэгтэй гаргасан.

Тус хуулийг АНУ-аас 250 сая ам.долларын буцалтгүй тусламж дагалдсан баримтыг Ц.Хулан эрэн сурвалжилж Төрд шүглэсэн зэтгэр, Аравдугаар Богдын наймаа нэвтрүүлгүүд бэлтгэж, үзэгчдэд хүргэсэн. Эдгээр нэвтрүүлэг Ц.Хуланг 2020 онд УИХ-д бие даан нэр дэвшиж өрсөлдөхөд зориулагдсан сонгуулийн нэвтрүүлэг ба ямар ч захиалгагүй, мөнгө төлбөргүй хийгдэж үзэгчдэд хүрсэн байдгийг баримтууд гэрчилдэг атал уг хоёр нэвтрүүлгийг тагнуулын даалгавраар хийгдсэн болгож ялласан.

Хятадын ЭСЯ-ны ажилтны зүгээс Ц.Хуланг Элчин сайдтай ирж уулзах уулзалтад урьж, төсөл өгч хамтран ажиллах тухай санал тавьдаг ба энэ үйлдэл нь дипломат байгууллагын , хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн байдаг тул Ц.Хулан төрийн шагналт, гавьяат археологич Д.Цэвээндорж агсны хамт Монголын нутаг дэвсгэр дэх нангиад үсгийн дурсгал сэдэвт 68 сая төгрөгт багтах төсөл, төсөв бичиж өгсөн баримт хүсэлт бий. Гэтэл ТЕГ гүйцэтгэх ажлын хрээнд авагдсан баримтыг УИХ-д хууль ноцтой зөрчин дэлгэн үзүүлж, өөрсдийн мөрдөж буй хэргийн маш нууц зэрэглэлийг үл тоомсорлож, Ц.Хулан Хятадын ЭСЯ-наас мөнгөн урамшуулал авч байгаа мэтээр харагдуулж төрийн өндөрлөгүүд, УИХ-ыг төөрөгдүүлсэн. Ц.Хулангаас гэмт хэрэг үйлдэж олсон 158 сая төгрөг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. Гэтэл энэ мөнгө Ерөнхийлөгчийн ивээл дор болж өнгөрсөн “Дөрвөлжин үсэг 750” олон улсын хурал, хөшөө, нам сонгуулийн сонин зэрэгт зарцуулагдсан бодит баримт нотолгоо, санхүүгийн баримтуудтай. ТЕГ-ын баримталж буй гүйцэтгэх ажлын тухай хууль нь прокурорын зүгээс шүүхийн өмнө хэргийг нотлох үүрэг хүлээдэггүйгээрээ Үндсэн хууль зөрчдөг, хэлмэгдүүллийн харгис гаж хууль болсныг ҮХЦ, Ерөнхийлөгч, УИХ анхааралдаа авна уу. Миний өмгөөлөгч Ч.Өнөржаргал уг хуулийн талаар бичиж, таны хуулийн зөвлөх А.Бямбажаргалд бичгээр хандаж байсан. Хүний эрхийн зөрчилтэй 400 хуулийн нэг болох нь гарцаагүй тул уг хуулийг хэлэлцэх асуудлыг санаачлан УИХ-д оруулна уу.

Хэргийн хамжигч Б.Отгонбаатар ТЕГ-ын нэр сүр, эрүүдэн шүүлт дор худал мэдүүлэг өгсөн. Худал мэдүүлэг өгч Ц.Хуланг хэрэгт холбогдуулан гэрчилсэн тухайгаа өөрийн гараар бичиж үлдээснийг ТЕГ хурааж авсан нь эдүгээ хадгалагдаж байх ёстой. Энэ бүх нөхцөл байдлаас болж Ц.Хулангийн хэргийг хөнгөн гоомой шийдвэрлэсэн шүүх, прокурорын алдааг засч залруулахад үйл ажиллагаагаа хандуулахыг хүсч Ерөнхийлөгч танаа хандаж байна” гэжээ.


URL: