Шимэгч иргэд: Хамгийн ажилсаг нь хэн бэ?

working-hardДэлхийн зарим улс оронд долоо хоногт ажлын дөрвөн хоногийг нэвтрүүлэх боломжийг судалж байхад зарим нэг орнуудад эдийн засгийн шаардлагын улмаас ажлын зургаан хоногийг нэвтрүүлж байна. Тухайлбал, ийм шаардлага Грек улсад гараад байгаа. Тус улсын иргэд Европын бусад улсыг бодвол илүү урт цагаар ажилладаг байна. Долоо хоногт 40 цаг ажиллах стандарт хэрхэн бий болсон, өөр ямар хувилбарууд байдаг, орчин үеийн эдийн засгийн нөхцөлд хэдэн цаг ажиллахад хангалттай вэ?

Энэ оны наймдугаар сараас эхлэн Японы Засгийн газар үндэсний компаниудаа ажлын дөрвөн хоногт шилжихийг идэвхтэй уриалж байгаа. Тус улсад ажлын хэтийдсэн ачааллаас болж нас барах асуудал хурцаар тавигддаг билээ. Энэхүү үзэгдлийг нэрлэх “кароши” хэмээн тусгай нэр томьёо хүртэл гарч ирсэн. Илүү чөлөөтэй ажлын хуваарь нэвтрүүлж, илүү цагаар ажиллах явдлыг хязгаарласнаар эдийн засагт бүтээлч байдлыг хөгжүүлэх боломж нээгдэнэ гэж үзэж байна.

Харин хөрш зэргэлдээх БНСУ-д эсрэг хандлага дэлгэрч байна. Тус улсын томоохон компаниудын удирдлагууд урт цагаар буюу долоо хоногт зургаан хоног ажиллахыг уриалж байна.

Энэ хооронд Европын хэд хэдэн улсад аж үйлдвэржилтийн дараах үеийн нөхцөлд хэдэн цаг ажиллах нь зохимжтой вэ гэсэн асуудал идэвхтэй хэлэлцүүлгийн сэдэв болоод байна.

Түүхийг эргэн сөхвөл, дэлхийн ихэнх улс оронд нэвтэрсэн долоо хоногт 40 цаг ажиллах стандарт нь сонголтгүй хувилбар ч бас биш аж. Сүүлийн олон арван жилийн турш ажлын дундаж цаг хэд хэдэн удаа өөрчлөгдөж байжээ. Тиймээс ойрын ирээдүйд ажлын долоо хоног өөрчлөгдөх магадлал өндөр. Ингэхдээ багасаж болно эсвэл зарим улсад бүр эсрэгээр нэмэгдэх ч талтай.

Ажлын долоо хоногийг богиносгохын төлөөх тэмцэл

Өнөөдөр дэлхий даяараа хүн төрөлхтний түүхэнд байгаагүйгээр илүү их ажиллаж байгаа мэт санагдаж болно. Үр бүтээлтэй ажиллах, хөдөлмөрийн бүтээмжийн тухай номууд асар олноор борлуулагдаж байна. Үүнтэй зэрэгцэн орчин цагт ажил, мэргэжлийн ёс зүйн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг нь ажлаас халшрах асуудал болжээ. Энэ сэдвийг олон нийтлэл, подкастууд хөнддөг. Судалгаанаас үзвэл, нийт хөдөлмөр эрхлэгчдийн 40-50 хувь нь ажлаас халшрах хам шинжтэй бол Cigna судалгаагаар, Z үеийнхний 98 хувь нь ийм хам шинжтэй болохыг тогтоожээ.

“Our World Data” төслийн шинжээчид түүхэн эх сурвалж, баримт бичгүүдийг судалсны дүнд залуу үеийнхэн өвөг дээдсээсээ бага цагаар хөдөлмөрлөдөг болсон гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэдний явуулсан судалгаагаар, 1870 онд статистик хөтөлж байсан өрнөдийн ихэнх орнуудад хүмүүс жилд нийт 3000 гаруй цаг хөдөлмөрлөдөг байжээ. Өөрөөр хэлбэл долоо хоногт 60-70 цаг хөдөлмөрлөдөг байсан гэсэн үг. Тухайн үед ажлын 10 цагийн хуваарьтай байсан ба зөвхөн ням гараг болон томоохон баяруудаар л амардаг байсан байна.

Аж үйлдвэржилтийн хувьсгалаас хойш хөдөлмөрийн зах зээл дээр томоохон өөрчлөлтүүд гарч эхэлжээ. Үйлдвэрийн ажилчдын тоо нэмэгдэхийн хэрээр нийгмийн шинэ ангийн эрхийг хамгаалах зорилгоор хаа сайгүй үйлдвэрчний эвлэлүүд байгуулагдаж эхэлсэн байна. Тухайлбал, АНУ-д гэхэд National Labor Union буюу Үндэсний хөдөлмөрийн холбоо нэртэй үйлдвэрчний эвлэл байгуулагдаж байжээ. Хэдийгээр тус байгууллага  богино хугацаанд буюу 1866-1873 оны хооронд үйл ажиллагаа явуулсан ч оргил үедээ 500 мянга орчим гишүүнтэй болж, олон мужуудад төлөөлөлтэй болж чадсан байна. Тус байгууллага хүн бүр амьдралынхаа бүхий л салбарт ижил тэнцүү цагийг зарцуулах боломжтой байх ёстой гэж үздэг байсан тул найман цаг ажиллах, найман цаг унтах, найман цаг амрах гэсэн уриатай байжээ. Тус үйлдвэрчний эвлэлийн гишүүд 1866 онд АНУ-ын Конгрессор долоо хоногт ажлын 40 цагийн хязгаарыг нэвтрүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлж дөнгөв. Хэдийгээр хуулийн төслийг батлаагүй ч хөдөлмөрийн нөхцөлийн асуудлаар бүх нийтийн хэлэлцүүлэг өрнөхөд хүргэж, улмаар 1869 онд АНУ-ын ерөнхийлөгч Улисс Грант төрийн албан хаагчдад хоногт найман цаг ажиллах зөвшөөрөл олгожээ. Түүнээс хойш хагас зууны дараа буюу 1940 онд ажлын 40 цагийн стандарт тогтсон байна.

Хуучин ЗХУ-д ажлын найман цагийн хязгаарыг 1917 онд тогтоож байсан ч долоо хоногт зургаан өдөр ажилладаг байв. Зөвхөн 1967 онд ажлын таван хоногт шилжих тогтоол батлагдаж байжээ. Ингэснээр, ажилчид, албан хаагчдын хөдөлмөрийн нөхцөлийн хөнгөвчлөх, тэдний мэргэжил, соёлын түвшнийг дээшлүүлэх, үйлдвэрлэлийг илүү оновчтой зохион байгуулах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой гэж үзжээ. Тэр үед Европын бусад орнуудад ажлын 40 цагийн стандарт тогтсон байна. Гэхдээ зарим орнуудад үүнээс ч өмнө ажлын цагийг богиносгожээ. Тухайлбал, Франц улсад аль 1936 онд долоо хоногт 40 цаг ажиллах нормыг нэвтрүүлсэн байна.

Үүнтэй зэрэгцэн амралт, баярын өдрүүд, цалинтай ээлжийн амралтын өдрүүдийн тоог нэмэгдүүлэх аян өрнөж байлаа. Үүний тод жишээ нь Нидерланд улс. Тус улсад 1870 онд жилд дөрвөн хоног л амардаг байсан бол 2000 онд 38 болж нэмэгджээ.

Дэлхийн бусад орнуудад хэр их ажилладаг вэ?

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмж ёсоор, долоо хоногт 40 цаг ажиллахыг алтан стандарт гэж үздэг байна. Энэ бол тус байгууллагын бүхий л гишүүн орнуудын зорих ёстой стандарт. Гэсэн хэдий ч улс хоорондын ялгаа өнөөг хүртэл мэдэгдэхүйц байсан хэвээр байна.

Гишүүн орон бүрд нь нэгдсэн хуулийн хэм хэмжээ үйлчилдэг Европын Холбоонд хүртэл ялгаа байсаар байна. Тухайлбал, Нидерландад долоо хоногт хамгийн бага буюу 33.2 цаг ажилладаг бол Герман 35.3 цаг, Дани 35.4 цагийн хязгаартай удаалдаг. Нидерланд улсад долоо хоногт дөрвөн хоног, өдөрт 9 цаг ажилладаг. Харин хамгийн их хөдөлмөрлөдөг гишүүн орнуудаар Польш, Румын, Болгар зэрэг хуучин социалист орнууд тодорчээ. Эдгээр улсад ажлын цаг нь 40 дээш цаг үргэлжилдэг. Европын Холбоонд хамгийн хөдөлмөрч нь грекчууд. Тэнд ажлын цаг 41 цаг байдаг ба грекчууд хамгийн залхуу гэсэн хэвшмэл ойлголтыг үгүйсгэдэг.

https://news.zindaa.mn/4xs7


URL: