“Эмэгтэй хүн зодсон” хэрэгт холбогдсон Ч.Ганхуяг нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, шүүх хурлыг ирэх сард явуулахаар тогтлоо
“Хас”-ын гэж ч тодорхойлдог, өдгөө “Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг нар нь 2022 оны арванхоёрдугаар сард нэгэн эмэгтэйн биед халдаж, гэмтэл учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл Ч.Ганхуяг, Ч.Золбоо нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2024.09.25/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэрэгт авагдсан нотлох баримтаар уг хэргийг шүүхэд хангалттай нотлох баримт байна хэмээн үзэж, хэргийг шүүх рүү шилжүүлсэн байна. Улмаар тус хурлыг ирэх аравдугаар сарын 09-ны өдрийн 12:00 цагт явуулахаар товлолоо.
Ташрамд өгүүлэхэд, прокуророос Ч.Ганхуяг, Ч.Золбоо нарт Эрүүгийн хуулийн 11.4-1 дэх хэсэг, 11.6-1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйл /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах/-ийн 1-д Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Мөн хуулийн 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-ийн 1-д Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ.
https://isee.mn/n/69630
URL: