Intellinews: Украины дайны ялагч нь Төв Ази

image-41a2307c-92f5-4314-9d83-c3feed00a9b4Дайн Украинд сүйрэл, Оросын эдийн засагт томоохон гажуудал үүсгэж, Европыг уналтад оруулав. Гэхдээ дайнаас маш их ашиг хүртэж байгаа  нь Төв Ази болоод байна гэж Intellinews онцолжээ.
Киргиз, Узбекистан, Казахстан, Тажикистан, Туркменстан гэсэн таван “стан” орны худалдааны хэмжээ нэмэгдэж, ОХУ-ын эрэлт хэрэгцээ нь дээр дурдсан орнуудын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын өсөлтийг өдөөж байна. Худалдааны нэмэлт орлого, мөөг шиг олширсон эрэлт нь асар их өөрчлөлт болж байгаа бөгөөд тэд орлогоо хөгжилд зориулж байна.  
Ялангуяа Киргиз улсын төсвийн орлого өнгөрсөн онд хоёр дахин өссөн бөгөөд гэнэтийн ашгийг усан цахилгаан станцын хүчин чадлаа нэмэгдүүлэхэд зарцуулж, жижиг уулархаг бүгд найрамдах улс бусад бүс нутгийн эрчим хүчний төв болон хувирч байна.
Оросууд Украин руу довтолсны дараа олон шинжээч “Станчууд аль нэг талыг сонгохоос өөр аргагүйд хүрнэ, эс бөгөөс хориг арга хэмжээнд өртөнө” гэж үзэж байсан. 2022 оны гуравдугаар сард Узбекистаны тухайн үеийн Гадаад хэргийн сайд Абдулазиз Камилов Украинд нэн даруй гал зогсоохыг уриалж, тус улсын бүрэн эрхт байдлыг баталж, Донецк, Луганскыг тусгаар тогтносон бүгд найрамдах улс гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан Төв Азийн анхны орон болов.
“Стан”-ынхан ОХУ-ын Украинд хийсэн халдлагыг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. 2022 онд болох Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум (SPIEF) дээр Путинтай нүүр тулан уулзах үеэрээ Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Донбасс дахь салан тусгаарласан бүгд найрамдах улсууд тусгаар тогтносон гэсэн Оросын мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ. Гэвч үүнтэй зэрэгцэн “Станчууд НҮБ-д 2022 онд Оросыг буруутгах санал хураалтад түдгэлзсэн. Украины дайн, Афганистан дахь талибуудын хяналт Төв Азийг тусгаарласангүй. Харин эсрэгээрээ эдгээр үйл явдлууд бүс нутгийн дэлхийн томоохон гүрнүүдтэй харилцах харилцааг сэргээсэн. Путин 2022 онд Төв Азийн бүх таван улсад айлчилсан, БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2022 оны хоёрдугаар сараас хойш бүс нутгаар хоёр удаа айлчилсан, ЭммануэльМакрон Төв Азид айлчилсан Францын хоёр дахь Ерөнхийлөгч болсон, Германы Олаф Шольц 2024 оны есдүгээр сард тус бүс нутагт айлчлахаар төлөвлөж байна.
Бизнес эрчимтэй хөгжиж байна
Дайны ачаар Төв Ази, Кавказын бүх улстай худалдаа эрчимтэй хөгжиж байна. Казахстаны оффисын машин механизмын Европоос импортлох хэмжээ 2021-2023 он хүртэл гурав дахин нэмэгдэж, бараг нэг тэрбум ам.доллар болсон нь Оросын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинээр оффис, үйлдвэр байгуулж байгаатай холбоотой гэж ажиглагчид үзэж байна. 2023 онд Европын холбооноос Стан орнууд руу хийсэн экспорт 46 тэрбум еврогоор өссөн нь 2021 оныхоос 50 хувиар өссөн байна. Энэ нь 2021-2023 онд Европоос Орост хийсэн экспортын дөрөвний гуравтай тэнцэж байна. Өнгөрсөн онд Европоос Казахстан руу урсаж буй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн 2021-2023 он хүртэл хоёр дахин өссөнийг албан ёсны тоо харуулж байна. ЕХ-ноос Казахстанд хийсэн машин механизмын экспорт 2021 оноос 2022 он хүртэл хоёр дахин нэмэгдэж, 2023 онд дахин 23 хувиар нэмэгдэж, 6.4 тэрбум еврод хүрсэн байна. 50 гаруй компанитай Казахстаны технологийн салбарын Орос руу хийсэн экспорт 2021 онд 40 сая ам.доллар байсан бол 2023 онд 298 сая ам.доллар болтлоо өссөн байна.
Азербайжан ч мөн адил хийн түлшээ Европ руу борлуулах хэмжээгээ нэмэгдүүлжээ. Киргизстан хамгийн их ялагч, Узбекистан хамгийн бага ялагч гэдгийг ажиглагчид онцолж байна. Төв Азитай хийсэн худалдааны хэмжээ буурсан Европын цорын ганц улс бол хориг арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд хүчин чармайлт гаргаж буй Польш  байна.
https://itoim.mn/a/2024/09/19/world/jyg?d7c59d20c07b8045befd1c23add753fb

URL: