“Математик мэдэхгүй хүнээр математикийн хичээл заалгах гээгүй”
Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр /2024.09.16/ багшийн хомсдолыг нөхөх зорилгоор яамнаас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн журмын талаар мэдээлэл хийлээ.
Боловсролын сайд П.НАРАНБАЯР:
-Энэ журам маань багшийн хомсдолыг нөхөх зорилготой юм. Улсын хэмжээнд 4200 орчим багшийн орон тоо дутагдалтай байна. Англи хэл 11 хувь, физик 10 хувь, хими 10 хувь, технологи 9 хувь, математикийн багшийн хомсдол өндөр байна.
Бид бол зөвхөн гудамжинд явж байгаа хүнийг 45 хоногийн курсээр сургана гэсэн юм байхгүй. Тухайн дурдсан хичээл дээр гадаад, дотоодын нэртэй сургуулийг голч нь 2.7 буюу 80 хувиас дээгш үнэлгээтэй төгссөн хүмүүсийг багшаар ажиллаач ээ гэж урьж байгаа юм.
Дэлхийн улс орнууд 20 жил тутамдаа багшийн дутагдалд орж байгаа. НҮБ-аас 2030 он гэхэд дэлхий дахинд 44 сая багшийн эрэлт үүснэ гэдэг судалгааг гаргасан байна. Багшийн хомсдол боловсрол өндөр хөгжсөн оронд ч тохиолдож байна. Европ, Хойд Америкийн бүсэд тохиолдож байгаа. Монголд хөдөө аж ахуй, эмч, цагдаа, лабораторийн мэргэжилтнүүд сувилагч гээд бүх салбар хомстолд орсон. Тийм учраас богино хугацаанд хурдтай шийдвэрлэх. Хоёр жил химийн багшгүй явж байгаа сургууль бий. Энэ журмаар бид багшлах эрх олгоно. МУИС-ийг химичээр төгссөн хүн цагаар химийн багш хийж болно. 4-5 жил багшлаад үндсэн багш болъё гэвэл тусгай шаардлага тавина, хувирахгүй. Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш сургуулийн удирдлагатай уулзаад явж байна. Удирдлагуудын зүгээс “Багшийн хомсдолыг яаралтай шийдээд өгөч. Өмнө нь багшийг сонгон шалгаруулж авдаг байсан бол одоо ирсэн болгоныг шууд авч байна, өөр ямар ч алга” гэж ярьж байна.
Ур чадварын хомсдол их байна. Бүх салбарын мэргэжилтнүүдийн академик мэдлэг, ур чадварыг боловсролын салбарт шингээмээр байна. Үнэхээр сайн физикч юм бол гэрээтээр заагаад өгөөч гэдэг юм ярьж байгаа. Судалгаа хийдэг, гадаад хэлээс эх сурвалжаа олоод хичээлдээ ашиглачихдаг хүмүүст энэ зах зээлийг нээмээр байна.
Монгол Улс 1970-аад онд багшийн хомсдолд орж байсан мэдээлэл бий. Энэ журам бол багшийн ачааллыг бууруулах ач холбогдолтой.
Физикийн багш дутагдалтай учраас байгаа ганц багш нь маш олон ангид хичээл заах шаардлага үүсч байна. Багшийн ачаалал буурч байж чанар гарч ирнэ. Энэ жилээс 44-өөс дээш хүүхэдтэй бүлэгт багшийн туслах оруулж ирж байгаа. Нийслэлд багшийн туслах ажиллуулах 157 бүлэг байна. Ядахдаа дэвтрийг нь засаад өгчихдөг, ангид дэг журам тогтоогоод өгчихдөг байвал багшид их нэмэртэй.
Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжиж арга хэмжээг шинэчлэн хэрэгжүүлэхэд бэлэн болж байна. 2028 он хүртэл дундаас дээш ангийн хүүхдийн тоо өсч байна. 2030 онд тогтворжоод буурах хандлагатай байна. Энэ хугацаанд илүү чадварлаг багшийг бэлтгэдэг тогтолцоог бий болгоно. Багш мэргэжилтэй ч багшилдаггүй нөөц нь олон байна. Тэднийг салбарт нь буцаан оруулах, ахмад багш болон чадварлаг боловсон хүчний нөөцийг боловсролын салбарт ажиллуулах арга хэмжээ авна.
Цалин нэмнэ гэдэг бол эдийн засагтай холбоотой асуудал. Улсын хэмжээнд 226 мянган төрийн албан хаагч байгаагаас 126 мянга нь боловсролын салбарт ажиллаж байна.
Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг нийтэд нь нэмэгдүүлэх бодлого барьж байна. Хэрэгжүүлэх яам нь Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам. Энэ яам руу бид багш ажлтнуудынхаа цалинг өсгөх саналыг тасралтгүй явуулна.
Энэ журам бол багшийн үнэлэмжийг бууруулж байгаа хэрэг огт юм биш, багшлах эрх олгож байгаа гэдгийг сайн ойлгоорой. Үндсэн багш нарт нөлөөлөхгүй. Харин үндсэн багшийн ажлын ачааллыг буурулахад ач холбогдолтой. Цаашдаа багшлах хүсэлтэй бол мэргэжлийн багш болгох хөрвөх сургалтуудыг оруулж ирнэ. 45 хоног бол танхимын сургалтын хугацаа, сургалтад хамрагдсан хүмүүсийн ажлын байранд ментор дагалдуулан ажиллуулах багш нарыг авч ажиллуулан амжилттай төгсөхөөр нь багшлах эрхийг нь олгоно. Төрөөс ямар нэг тусламж үзүүлэхгүй.
Мэдээллийн дараа сэтгүүлчийн асуултад хариулт өгөв?
-Зуны гурван сард багш нарыг бэлтгэх бололцоо байсангүй юу. 2.7-оос дээш голчтой бол 45 хоногийн сургалтад хамруулж багшлах эрх олгоно гэхээр шалгуур нь буурахгүй юу?
-Боловсролын яамны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа:
-2.7 хэдэн оноо гэдгийг та бүхэн мэдэх үү, 80-аас дээш оноо. 45 хоног гэдэг бол хоног чухал биш судалж байгаа кредит нь чухал. МУБИС дээр багшлах эрхийн сургалтууд зохион байгуулагдаж байгаа. 45 хоног гэдэг бол танхимын сургалтын 45 хоног. Цаашаа ажлын байран дээр гараад ментор багшаар дадлагажуулах сургалт руу орно. Багшийн сургалт гэдэг зөвхөн танхимд сураад гардаг юм биш. Дадлагажих хэрэгтэй, хүүхдүүдтэй харилцаж сурах хэрэгтэй. Хүүхдүүдэд ямар онцлог байна вэ гэдгийг ойлгож мэдэх хэрэгтэй. Ингэж байж багшлах эрхийн бичгээ авна. Түүнээс бид нар гудамжинд явж байгаа хүнийг 45 хоногийн сургалтад суулгаад жолооны курс шиг багш бэлтгэх гээгүй. МУБИС -ийн математикч мэргэжил гэж байгаа, математикийн багш хоёрын хооронд 24 кредитийн зөрүү байгаа, түүнийг сургалтаар гүйцээж өгнө.
Хөтөлбөр гэж байна, хөтөлбөрийг магадлан итгэмжилнэ. Одоо бид Кембрижийн их сургуулийн Боловсролын их сургуулийг маш олон жил удирдсан профессорыг авч ирээд хөтөлбөр дээр ажиллаж байна. Журмын цаана маш том процесс хөдлөөд явж байгаа гэдгийг ойлгох хээгтэй.
Боловсролын сайд П.Наранбаяр:
-МУИС-ийг математикчаар төгссөн хүн дээр бид ярьж байгаа юм. Тэрнээс биш огт математик мэдэхгүй хүнээр математикийн хичээл заалгах гэж байгаа юм биш. Өндөр хөгжсөн Япон, Германыг хар л даа, ийм системээр явж байгаа. Аажимдаа бид чадварлаг хүмүүсийг боловсролын салбар луу татан оруулах нь зүйтэй байна гэж үзэж байгаа.
Олон жил сурчихаад физикийн тоог бодож чадахгүй багшаар хүүхдүүддээ хичээл заалгаад байвал яах вэ. Ийм асуудал байгаа учраас бид нар академик чадвар өндөртэй хүмүүс дээр ярьж байгаа шүү.
Англи хэлийг унаган хүн шиг нь эзэмшчихсэн, өөрөө англи хэлний утга зохиолын анги төгссөн хүн багшлах эрхийн үнэмлэх аваад зааж яагаад болохгүй гэж. Тэгэхгүй бол хүүхдийнхээ Элсэлтийн шалгалт дээр ажиллаж чадахгүй багш байна.
-Гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн сурагчид 21.00 цагт тарж байна. Хэзээ шийдэх вэ?
-Гурван ээлжийг энэ ондоо багтаан шийднэ. Бүх сургуулиар явж, ажиллаж байна. Онцгой анхаарч ажиллаж байна, байж болохгүй зүйл. Бүлэг дүүргэлтийн асуудал бий, шийдэхгүй бол болохгүй.
-Орон нутагт багшлахаар очсон багш нарт төрөөс ямар ч дэмжлэг байдаггүй тухай яригдаж байна?
-Суманд багшилж байгаа багш 40 хувийн нэмэгдэлтэй цалин авч байгаа.
Туршлагатай багш суманд багшилж байгаа бол дундаж цалин 2.8 сая, шинэ багш 1.9 сая төгрөгийн цалин авч байгаа. 40 хувийн нэмэгдлийг нэмээд энэ хэмжэний цалин авч байгаа.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт амины орон сууцаа барихад нь дэмжлэг үзүүлэхээр тусгасан.
-Боловсролын яамны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа:
-Орон нутагт ажиллах багш нартай 3-5 жилийн гэрээ байгуулаад дэмжлэг үзүүлэхээр хуульд оруулсан. Тооцооллоо хийж байгаа. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас санаачлаад Нийгмийн баталгааны тухай хуулийн төсөл боловсруулж байгаа. Орон нутагт ажиллах, орон байргүй багш нарт дэмжлэг үзүүлэх саналыг тусгасан. УИХ-ын намрын чуулганы хугацаанд хуулийн төслийг өргөн барих болов уу. Багш нарынхаа нийгмийн баталгааг шийдэх чиглэлээр 7 төрлийн асуудлыг тусгасан.
Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга:
-Гурван ээлжээр хичээллэж байгаа сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд 960 хүүхдийн суудалтай 20 сургуулийг шинээр барьж, ашиглалтад орж байж шийдэх боломжтой. Улсын төсвөөр дангаар сургууль бариад хангаж шийдэж чадахгүй байна. Тиймээс түрээсээр шийднэ.
Багш нарын цалингийн тухайд сайн багшийг илүү урамшуулж, өндөр цалин авах боломжтой байхаар гүйцэтгэлийн үнэлгээг илүү хялбар болгож өгч байна.
Г.ХОРОЛ
https://news.mn/r/2750904/
URL: