Дүрвэгсдэд тусалж байсан хоёр эмэгтэйг цаазаар авчээ

kim-jong-un-smoking-650x500Хойд Солонгосоос оргон Хятадад очсон иргэдийг Өмнөд Солонгос руу дүрвэхэд нь тусалж байсан хоёр эмэгтэйг Пёньяны эрх баригчид цаазалжээ. АНУ-ын засгийн газраас санхүүжүүлдэг “Чөлөөт Ази” радиод мэдээлснээр 39, 43 настай хоёр эмэгтэйг наймдугаар сарын 31-нд зүүн хойд Чонжин хотод цаазалсан байна. Тэднийг цаазлахын өмнө олон нийтэд нээлттэй шүүжээ. Мөн өдөр өөр есөн эмэгтэйд хүний наймааны хэргээр бүх насаар хорих ял оноосон.

Хойд Солонгосоос дүрвэгсдийн тоо 1990-ээд оны аймшигт өлсгөлөнгийн дараа эрс нэмэгдсэн. Тэдгээр нь ихэвчлэн Хятадтай хиллэдэг бүс нутгийн хүмүүс байв. Гэтэл сүүлийн жилүүдэд нийгмийн элит хэсгийнхэн хүртэл Өмнөд рүү дүрвэх болсныг Сөүлийн Нэгдлийн яам мэдээлжээ.

Тэднийг Өмнөд Солонгост иргэншил, үнэ төлбөргүй шахуу орон сууц, нүүлгэн шилжүүлэлтийн мөнгө, бусад тэтгэмж зэрэг олон таатай нөхцөл хүлээж авдаг.

Цаазлуулсан болон бүх насаараа хоригдох ял авсан гэх дээрх 11 эмэгтэй нь 2023 оны аравдугаар сард Хятадаас буцаасан 500 хойд солонгос иргэний дотор байжээ. Хятад улс хойд солонгос дүрвэгчдийг эдийн засгийн цагаачид гэж нэрлэдэг. Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл хийхдээ “Хятадад дүрвэгсэд гэж байхгүй. Манай засгийн газар хүмүүнлэгийн зарчим, дотоодын болон олон улсын хууль тогтоомжийн дагуу асуудлыг зүй зохистойгоор зохицуулна” гэжээ.

Эх орондоо эргэж ирсэн хойд солонгосчууд хөдөлмөрийн лагерьт хатуу шийтгэл хүлээж байгааг Өмнөд Солонгосын засгийн газар болон хүний эрхийн байгууллагууд мэдэгдэж буй. Хойд Солонгосын тал үүнийг үгүйсгэж, энэ мэдэгдэл нь удирдагчдыг түлхэн унагах хуйвалдааны нэг хэсэг гэжээ.

Хойд Солонгост цаазын ялыг олон хүн цугларах боломжтой тосгон, хорих лагерьт үйлддэг гэж хүний эрхийн байгууллагууд мэдэгдсэн. Дээр дурдсан хоёр эмэгтэйн шүүх хурал өглөөний 11:00 цагт задгай талбайд эхэлж, нэг цаг үргэлжилжээ.

Эх сурвалж: INDEPENDENT


URL: