Хятадын иргэнд хутгалуулсан япон хүүхэд нас баржээ

American-stabbingХятадын өмнөд хэсэгт орших Шэньжэнь хотод Лхагва гаригт 44 настай Хятадын иргэн 10 настай япон хүүг хутгалсан хэрэг гарсан. Тухайн үед хүүг эрчимт эмчилгээнд хамруулж байсан ч Пүрэв гаригийн өглөө нас барсан байна.  Японы засгийн газар энэ үйл явдлаас болж хоёр орны харилцаанд асуудал үүсэхээс болгоомжилж буйгаа илэрхийлжээ.  Тухайн хүү нь Шэньжэн хотын Япон дунд сургуульд суралцдаг байсан бөгөөд ээжийн хамт сургууль руугаа явж байв.

Гэнэт 44 настай хэрэгтэн хүү рүү нь дайрч, хэвлий хэсэгт нь хутгалсан. Одоогийн байдлаар сэжигтнийг цагдаагийн байгууллагат хорьж байгаа бөгөөд ямар шалтгааны улмаас гэмт хэрэг үйлдэх болсон нь тодорхойгүй байна.

Гэрчийн мэдээлснээр, хүү хутгалуулсныхаа дараа газар дээрээ ухаан алдаж, ээж нь анхан шатны түргэн тусламж үзүүлэхээр хичээж байсан. Энэ хэргээс өмнө өнгөрсөн долдугаар сард Шанхайд ижил төстэй хэрэг гарсан. Тодруулбал, тус хотод амьдарч байсан япон ээж, хүүхэд хоёр руу мөн адил Хятадын иргэн дайрч, амь насыг нь хөнөөх гэж завдсан. Тухайн ээж, хүүхдийг аюултай байдалд орсныг мэдсэн хятад эмэгтэй хамгаалах гэж оролдсон ч амиа алдсан юм. Японы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшимаса Хаяаши Токио хотод хэвлэлийн бага хурал зохион байгуулж, хохирогчдод гүн эмгэнэл илэрхийлэв.

Тус улсын Гадаад хэргийн сайд Ёоко Камикава бага насны хүүхдэд халдаж буй хэргийг буруутгаж, Бээжингээс уучлалт хүсэхийг уриалсан.

Мөн Хятадад амьдарч буй Японы иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээ авахыг шаардсан байна.  Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы цэргүүд Хятадын газар нутагт дайран орсноос хойш хятадуудын дунд Япон хүнд дургүйлхэх үзэл дэлгэрсэн байдаг. Үүнээс болж Хятадад амьдардаг япончуудын эсрэг халдлага гарч байна гэж шинжээчид үзэж буй. Шэньжэнь хотод одоогийн байдлаар 3,600 Япон хүн амьдардаг гэх тооцоо бий. Ирээдүйд энэ мэтчилэн харамсалтай хэрэг гаргахгүйн тулд Хятадаас Японд суугаа Элчин сайд У Зянхао анхаарч ажиллана гэж мэдэгджээ.

Эх сурвалж: JAPAN TODAY


URL: