Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нарыг суллаж, гадуур шалгаж эхэлжээ

Screenshot 2024-09-19 185438Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн болон ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нарыг Авлигатай тэмцэх газраас энэ сарын 16-ны өдөр /2024.10.16/ баривчилж, саатуулсан.

Тэднийг хувийн болон улсын эмнэлэгт даатгалаар олгох ёстой мөнгөнөөс хувь нэхэж, өвчтөний тоогоор олгох ёстой мөнгийг хуурамчаар ихэсгэсэн гэх хэрэгт буруутган саатуулсан байдаг. Мөн хясан боогдуулах замаар дөрвөн удаагийн үйлдлээр хувь авч байсныг таван сарын хугацаанд хянаж, үйлдэл дээр нь баривчилсан гэж буй.

Тэгвэл өчигдөр /2024.09.18/ Л.Бямбасүрэн нарыг суллаж, гадуур шалгаж байна.

Дайчлах үед хахууль өгсөн болон авсан хүмүүс үйлдлээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд одоо шалгах ажиллагаа үргэлжилж байна. Л.Бямбасүрэнгийн хувьд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын даргаар 2020 оны есдүгээр сард томилогдсон. Тэрбээр хүүхдийн их эмч мэргэжилтэй бөгөөд одоогийн албан тушаалаа хашихаас өмнө Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан юм. Харин ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн хэлтсийн дарга А.Төвшин нь Л.Бямбасүрэнг ажлаа авснаас жилийн дараа буюу 2021 онд тус албан тушаалд томилогдож байжээ. Тэрбээр өмнө нь “Мөнхийн тун” ХХК-ийн захирлаар ажиллаж байжээ.


URL: