ЭМДЕГ-ын удирдлагуудын баривчилгаа Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд руу чиглэх үү?!

a9e981b65429e9655abfb61d38bd8898768b94b9Өчигдөр Эрүүл мэндийн сайдын шуурхай хурлын үеэр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, тус газрын Нэхэмжлэлийн хэлтсийн дарга А.Түвшин нарыг АТГ-аас баривчилаад байна. Тэднийг нэр бүхий эмнэлгийн удирдлагуудаас авлига авсан, хясан боогдуулах замаар худал бичилт хийж байсан гэх үндэслэлээр саатуулсан байна.

АТГ-аас саатуулаад байгаа ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нь 2020 онд тус газрын даргаар томилогдсон бөгөөд өмнө нь Эрүүл мэндийн дэд сайдын алба хашиж байсан билээ. Л.Бямбасүрэн ЭМДЕГ-ын даргаар томилогдсоныхоо дараа ЭМДЕГ-ийн Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн даргаар А.Түвшинг томилсон бөгөөд тэрбээр өмнө нь “Мөнхийн тун” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан тухай мэдээллийн сайтуудаар бичигдэж байна.

Тэгвэл А.Түвшингийн захирлаар нь ажиллаж байсан “Мөнхийн тун” ХХК-аас С.Энхболдыг Эрүүл мэндийн яамыг удирдаж байхад буюу ковидын үед 4 тэрбум 300 гаруй сая төгрөгөөр нэг удаагийн бээлий, халад, амны хаалт зэргийг шууд худалдан авч байсан байдаг. Энэ нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж байгааг аудит 2021 онд илрүүлж байсан.

Харин энэ “Мөнхийн тун” ХХК-тай Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг хамаарал бүхий этгээд гэдгийг өнгөрсөн хавар болсон УИХ-ын хянан шалгах түр хороо буюу “Эмийн сонсгол”-ын үеэр шинжээч тайландаа дурьдсаныг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн онцолж байв.

Тодруулбал, “Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг ажиллаж байх үеийн удирдлагын баг, хамт олны 110 хүний 97 нь буюу 88,1 хувь нь эм, эмнэлгийн хэрэгслийн бизнестэй хамаарал бүхий байна” гэж байв. Харин энэ үед С.Энхболд “би саяхан л телевизээр ийм компанитай хамаарал бүхий гэдгээ мэдлээ” гэж хэлж үгүйсгэж байлаа.

Харин УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: “Хоёр хуулийн заалтаар хамаарал бүхий этгээдийг тодорхойлж байгаа. Яг таньтай холбоотой асуудлыг манай хянан шалгагч өгч болно. Хамааралгүй хүмүүсийг гаргаж ирээд байгаа юм биш. Улсын бүртгэлийн мэдээллийг та бүгдийн ажилтай хамаарал бүхий байна, ашиг сонирхолтой байна гэсэн хоёр чухал үзүүлэлтээр үзэж байгаа юм” гэж хэлж байлаа.

Нэмж мэдээлэхэд С.Энхболдыг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх 2 жилийн хугацаанд Эрүүл мэндийн яам 126 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил гаргасныг Үндэсний аудитын газраас тогтоож байв.

Newspress.mn


URL: