Б.Баттөгсөөс сэргээш илэрсэн атал яагаад Парис руу авч явсан бэ?
Сэргээш илэрснийг нь мэдсээр байж Б.Баттөгсийг яагаад Парис руу авч явсан бэ гэдэг асуулт гарч байна. Монгол Улсыг хорлох гэсэн үү, дараагийн наадамд Монголоос пара жүдогийн тамирчин оролцуулахгүй болгох гэсэн үү, Б.Баттөгст газар үзүүлж, Парисаар зугаалуулах гэсэн үү? Ямартай ч түүнийг авч явсан нь үнэн байна. Монголын пара жүдо бөхийн холбоо болон Б.Баттөгс, түүний 2 дасгалжуулагчид хариуцлага тооцох ёстой. Онгоцны тийз, бусад зардлыг төлүүлэх ёстой.
Паралимпийн жүдогийн төрөлд манай улсаас эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Б.Баттөгс барилдах байсан боловч дэвжээнд гараагүй. Уг наадамд оролцохоор явсан тамирчин барилдаагүйн шалтгааныг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага (МОНАДА) ийн тайлбарлалаа.
Паралимпийн хорооноос манай улсын 2 тамирчныг цагаан хуудсаар оруулахаар болж, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад уг 2 бөхөөс сэргээшийн шинжилгээ яаралтай авахыг 7 дугаар сард даалгажээ. Паралимпэд цагаан хуудсаар орох 2 тамирчны 1 нь Б.Баттөгс байсан аж. Түүнээс Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага 7 дугаар сарын 29-нд яаралтай горимоор сэргээшийн шинжилгээ авсан байна. 8 дугаар сарын 20-нд шинжилгээний хариу ирэхэд, Б.Баттөгсөөс сэргээш илэрсэн байжээ. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага Б.Баттөгсийг хоёр дасгалжуулагчтай нь 8 дугаар сарын 30-нд дуудаж уулзан, шинжилгээний хариуг танилцуулсан байна. Ингээд түүний барилдах эрхийг хязгаарлаж, 7 дугаар сарын 20-ноос хойших бүх тэмцээний амжилтыг нь хүчингүйд тооцож буйг сануулж, гарын үсэг зуруулжээ.
Ингээд тухайн өдөртөө Пара жүдогийн холбоонд Б.Баттөгсөөс сэргээш илэрсэн тухай мэдээлсэн байна. Гэтэл Парис явах пара жүдогийн шигшээ багийн бүрэлдэхүүнээс Б.Баттөгсийг хасаагүй, 9 дүгээр сарын 2-нд нэр нь жагсаалтад байсан аж. Пара жүдогийн холбооны ерөнхийлөгч Парист байхдаа цахим сүлжээнд нэгэн бичлэг оруулжээ. Уг бичлэгт Б.Баттөгс хэдийнэ Парист оччихсон, бэлтгэл хийж байгаа нь бичигдсэн байжээ.
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага 9 дүгээр сарын 3-нд Биеийн тамир, спортын улсын хороо, Паралимпийн хороонд уг зөрчлийг мэдэгдсэн байна. Паралимпийн багийн ахлагч Н.Оюунбат уг мэдээллийг аваад, 48 цагийн дотор Б.Баттөгсийг тамирчдын тосгоноос гаргажээ.
Паралимпийн хороо Парист ажиллаж байсан учраас Пара жүдогийн холбоо Паралимпийн хороонд мэдэгдэхгүйгээр Б.Баттөгсийг Парис руу авч явсан байна. Хэрэв түүнийг паралимпийн наадамд барилдуулсан бол манай улс олон улсын гэрээнд заасан үүргийнхээ дагуу хариуцлага хүлээх магадлалтай байжээ.
https://time.mn/vBp.html
URL: