Кремль “Google”-ээс 235 сая доллар нэхэмжилжээ

1349781-810x500Кремль ”Google”-ийн Орос улс дахь салбарыг удаа дараа зүй зохисгүй контент нийтэлсэн гэж буруутгаж, торгууль нэхэмжилж байжээ. Үүнээс болж тухайн салбар нь дампуурлаа зарласан ч Кремль дахин 235 сая ам.доллар нэхэмжилсэн байна. АНУ-ын шүүхийн бүртгэлд энэ талаар бичигдсэн байх бөгөөд “Google”-ийн хувьд Оросын салбар нь дампуурсан ч үйл ажиллагаагаа явуулна гэж мэдэгджээ. Учир нь тус улсын иргэдэд аливаа мэдээллийг чөлөөтэй олж авах цөөн хэдэн арга зам үлдсэний нэг нь Оросын салбарын үйл ажиллагааг дэмжих явдал гэж тайлбарласан байна. “Google Russia” 2022 онд дампуурлаа зарласан байдаг.

Кремль өнгөрсөн хугацаанд тус салбарын нийт хөрөнгийн 100 сая ам.долларыг хураан авч, төрийн дэмжлэгт олон нийтийн байгууллагуудад тараасан.

Одоо 38.2 сая ам.долларын хөрөнгөтэй үлдсэн “Google Russia” Кремлийн сүүлд гаргасан нэхэмжлэлийг төлөх чадваргүй болсон тул шүүхэд хандсан байна.  АНУ-ын шүүхийн тайлангаас харвал Оросын  ”Tsargrad TV” ,”Russia Today”, “NFPT” гэх сувгууд Кремлийн өмнөөс шүүхэд өрсөлдөж байгаа бөгөөд “Google”-ийн бусад улсад байрлах салбаруудаас 235 сая ам.долларыг нэхэмжилж байгаа аж.

Тухайлбал “Google”-ийн Турк, Өмнөд Африк, Испанийн салбаруудаас нэхэмжилж байгаа аж.

Кремлийн ”Google Russia”-аас хүсч буй 235 сая ам.доллар нь 2022 онд ногдуулсан торгуулиас бүрдэж байна. Эдгээр торгууль нь Орост зөвшөөрөгдөөгүй, Путины засгийн эсрэг нийтлэгдсэн зүйлийг устгахаас татгалзсан зэрэг эрх зүйн асуудлаас болж үүсчээ. Хэрэв шүүхэд Кремль болон төрийн дэмжлэгт сувгууд ялах бол “Google Russia”-ийн мөнгө тус улсын мөнгө зээлдэгч байгууллага, төрийн ажилчдад очих болно. Энэ хэргийн сонсгол ирэх аравдугаар сард болохоор төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: THE TELEGRAPH


URL: