УИХ-ын гишүүн Д.Ганмааг “өмөөрөв”
МАН-аас жагсаалтаар нэр дэвшин, УИХ-ын гишүүн болсон Д.Ганмаа УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанд хамгийн олон өдөр оролцоогүй гишүүнээр “тодорсон”. Хүний их эмч мэргэжилтэй, Харвардын их сургуулийн профессор, судлаач багшаар ажиллаж байсан Д.Ганмааг чуулганы хуралдаандаа суугаагүй асуудалд нь УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж тайлбар хийлээ.
Тэрбээр “Наймдугаар сарын 15-30-ны хооронд долоон удаагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болсон. Энэ хугацаанд Д.Ганмаа гишүүн чөлөөтэй байсан. Хоёр удаа УИХ-ын даргын захирамжаар чөлөөгөө авсан. Эхнийх нь долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 20-ны өдрүүдэд салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны ажлаар чөлөө аваад хувийн зардлаараа АНУ-руу явсан. Мөн наймдугаар сарын 21-нээс есдүгээр сарын 15-н хүртэл салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны ажлаар АНУ-д хувийн зардлаараа явж, оролцсон. Өөрөөр хэлбэл, Д.Ганмаа гишүүн холбогдох дүрэм журмынхаа дагуу чөлөөгөө аваад энэ олон улсын хуралд оролцоод ирсэн гэсэн үг” гэлээ.
Дээрх тайлбараар бол УИХ-ын гишүүн чөлөө аваад хувийнхаа зардлаар гадаад улсыг зорин хоёр сар ажиллахад асуудалгүй бололтой.
Уг нь УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол ард иргэдийн төлөөлөл болж, хууль тогтоох дээд байгууллагад ажиллах үүрэг хүлээдэг. УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосон нь хуулийн төсөл дээр илүү олон гишүүн ажиллаж, амьдралд нийцэх хууль баталж гаргахад оршиж буй. Гэтэл УИХ-д сонгогдсон гишүүд нь алдуул мал шиг хоёр сараар шахам чөлөө аван, хуралдаа суухгүй яваад байвал үндсэн ажил нь алдагдахгүй гэж үү.
Г.ХОРОЛ
https://news.mn/r/2749826/
URL: