62-р сургуулийн БАГА АНГИЙН СУРАГЧИД 21 цаг хүртэл гурван ээлжээр хичээллэж байна

CV34TnJLsrfvZEXq8GXOЕБ-ийн 62 дугаар сургуулийн бага ангийн сурагчид гурван ээлжээр хичээллэж байна гэдэг мэдээлэл эцэг эхчүүдээс манай редакцад өчигдөр /2024.09.10/ ирсэн. Ийнхүү тус мэдээллийг сурвалжлахаар хөдөллөө.

Биднийг очиход өдрийн ээлжийн хичээл орох гээд хүүхдүүд дугаарлан зогсож байлаа. Ангийн бүлгээр хуваагдан дугаарлах сурагчид сургуулийн хашаанд багтах шахам харагдана. Бид сургуулийн захиргаанаас энэ талаар мэдээллийг авах гэсэн ч татгалзав.

Сурагчдын эцэг эхчүүдээс энэ тухай тодруулахад, “Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ингэж гурван ээлжээр хичээллэж байна. Бага ангийн хүүхдүүд оройн 21 хүртэл хичээллэнэ гэдэг аюултай. Сургуулийн захиргаанаас хичээлийн байрны шинэ өргөтгөл удахгүй ашиглалтад орно гэсэн.

“СОНГУУЛИАР ГИШҮҮД СУРГУУЛИЙН ШИНЭ БАЙР БАРЬЖ ӨГНӨ ГЭЖ АМЛАСАН”

Сонгуулиар гишүүд сургуулийн шинэ байр барьж өгнө, энэ жилийн хичээлийн шинэ жилд сурагчдыг хоёр ээлжээр хичээллүүлнэ гэж хэлсэн. Гэсэн хэдий ч одоогоор гурван ээлжээр хичээллэсээр байна” гэв.

Үргэлжлүүлэн бид СХД-ийн Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Бадамхандаас мэдээллийг тодруулахад, “Энэ оныг дуустал хүүхдүүд гурван ээлжээр хичээллэнэ. Түрээсийн байранд хичээллэх санал асуулгыг эцэг эхчүүдээс авахад хол гээд зөвшөөрөөгүй. Иймд гурван ээлжээр хичээллэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн” гэж хэлэв.

“ХИЧЭЭЛИЙН БАЙРНЫ БАГТААМЖААС ГУРАВ ДАХИН ИХ ХҮҮХЭД СУРЧ БУЙ”

СХД-ийн 19 р хороонд байрлах Ерөнхий боловсролын 62 дугаар сургууль нь хичээлийн хоёр байртай. Тус хоёр хичээлийн байранд нийт 1240 хүүхдийн багтаамжтай ч одоогоор 4700 хүүхэд суралцаж байна. Хичээлийн байрны багтаамжаас гурав дахин их хүүхэд сурч буй.

Түүнчлэн СХД-т сонгогдсон УИХ-ын гишүүд 62-р сургуулийн сурагчдыг хоёр ээлжээр хичээллүүлэх шинэ байр барьж өгнө гэж амласаар дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн гэж эцэг эхчүүд онцоллоо.

Сэтгүүлч: А.Булганчимэг

https://asu.mn/content/24067


URL: