Пёньян үерийн үеэр хариуцлага алдсан албаныхныг цаазалсан уу?
Хойд Солонгосын Жаганг, Пёнган мужуудад долдугаар сарын сүүлээр хүчтэй аадар бороо орж, үерлэсэн. Үерийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, их хэмжээний хохирол амссан билээ. Тухайн үед удирдагч Ким Жон Ун намын улс төрийн товчооны яаралтай хуралдаанаар үг хэлэхдээ хариуцлага алдсан албаны хүмүүсийг шийтгэнэ гэж байв. Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор Хойд Солонгос улс цөөнгүй албан тушаалтнаа цаазалсан байж магадгүйг Өмнөдийн тагнуулын алба мэдэгдлээ.
Хүмүүсийг цаазаар авсан байж болзошгүй шинж тэмдэг ажиглагдсан тул Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба үргэлжлүүлэн анхааралтай ажиглаж байгаа аж.
Цаазлагдсан хүмүүсийн дунд Жаган мужийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга асан Кан Понг Хун байж магадгүй гэж үзэж байна. Кан Понг Хун, Олон нийтийн аюулгүй байдлын сайд Ри Тхэ Соп нарын өндөр албан тушаалтанг улс төрийн товчооны хурлын үеэр үертэй холбогдуулан албан тушаалаас нь чөлөөлөөд байсан билээ.
Удирдагч Ким Жон Ун Хойд Пёнганы иргэдэд харамсаж буйгаа илэрхийлж, сэргээн босголтын ажилд 130 мянган цэрэг дайчлах болсон. Мөн хохирсон иргэдийг нийслэл хотод үнэ төлбөргүй байраар хангах шийдвэр тухайн үед гаргажээ.
Эх сурвалж: YONHAP
URL: