БНХАУ-д баригдаж дуусаагүй 48 сая орон сууц байгаа нь хямрал сунжрах эрсдэлтэйг харуулж байна

321838-14082024-1723629210-1787561389-oronsuutsБНХАУ-д 2023 онд хуучин орон сууцны борлуулалт талбайн хэмжээгээрээ шинэ орон сууцны борлуулалтаас анх удаа давжээ

БНХАУ-д одоогоор зарагдсан боловч баригдаж дуусаагүй дор хаяж 48 сая орон сууц байгааг “Bloomberg Intelligence” тооцоолсон нь тус улсын үл хөдлөх хөрөнгийн хямрал ойрын хугацаанд арилах төлөвгүйн дохио болж байна.

“Герман улсын үл хөдлөх хөрөнгийн зах дээрх нийт орон сууцнаас ч давах энэхүү тоо нь БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч компаниудын орлогод шууд заналхийлж байна. Учир нь иргэд шинэ төслүүдэд урьдчилсан захиалга өгөхөөс зайлсхийж, оронд нь ашиглалтад орсон төслөөс эсвэл хуучин орон сууц худалдан авч эхэлсэн” хэмээн “Bloomberg Intelligence”-ийн шинжээч Кристи Хун, Моника Си нар бичжээ.

БНХАУ-д шинээр ашиглалтад орсон орон сууцны төслүүдийн талбай 2000 оноос энэ оны эхний хагас жил хүртэлх хугацаанд хийгдсэн борлуулалтаасаа 8.4 тэрбум м.кв-аар дутуу буюу тус хугацаанд өсөн нэмэгдсэн борлуулалтын нийт дүнгийн 38 орчим хувьтай тэнцэж байгааг шинжээчид онцолж байна. Орон сууцны төслүүд дэх баригдаж дуусаагүй орон сууцны харьцаа 2015 оноос өмнө дунджаар жилийн борлуулалтын 17 хувьтай тэнцэж байсан бол 2015-2023 онд эрс өсөж, 47 хувьд хүрчээ.

Тус улсад худалдан авагчийн зан төлөвийн суурь өөрчлөлт гарч, өнгөрсөн онд хуучин орон сууцны борлуулалт талбайн хэмжээгээрээ шинэ орон сууцны борлуулалтаас анх удаа давсан юм. 2021 оны эхний хагаст нийт борлуулалтын 10 хувийг хуучин орон сууц эзэлж байсан бол өнгөрсөн оны эхний хагаст 27 хувьд хүрснийг “Bloomberg Intelligence”-ийн судалгаа харуулж байна.

Bloomberg TV Mongolia

URL: