I эгнээгээр явсан, түр зогссон машиныг 20 мянгаар торгоно

АВТОБУСНЫ ЭГНЭЭГЭЭР ЗОРЧСОН БОЛОН АВТОБУСНЫ БУУДАЛ ДЭЭР ЗОГССОН АВТОМАШИНЫ ЖОЛООЧ НАРТ ХЯНАЛТЫН КАМЕРААР ТОРГУУЛЬ ОНОГДУУЛДАГЗамын хөдөлгөөний түгжрэл ихэсч байгаатай холбоотойгоор нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн автобус зорчих дүрмийг санахыг Тээврийн цагдаагийн албанаас нийт жолооч нарт анхаарууллаа. Ингэхдээ хяналт тавьж ажиллах бөгөөд зөвхөн замын камер, алба хаагчийн хяналтаас гадна автобусны теле камераар торгууль тооцох шийдвэр гаргажээ. Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1100 автобусанд теле камер байршуулсан бөгөөд 06:00-22:00 цагийн хооронд авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй автомашин болон автобусны буудал дээр түр, удаан хугацаагаар зогсож хөдөлгөөнд саад болж буй жолооч нарын зөрчлийг баримтжуулах аж.

Автобусны камераар бүртгэсэн зөрчлийг Замын хөдөлгөөний Удирдлагын Төвд илгээж тухайн автобусны буудалд зогссон болон нэгдүгээр эгнээгээр зорчсон автомашиныг 20 мянган төгрөгөөр торгох юм.

Автобусны буудал дээр түр болон удаан зогсох, авто замын нэгдүгээр эгнээгээр зорчсон зөрчилд тус тус 20 нэгж буюу 20 мянган төгрөгөөр торгохоор хуульд заасан байдаг. Тиймээс улсын дугаар тэгш, сондго хязгаарлалтгүй энэ үедз заасан эгнээ байраар замын хөдөлгөөний дүрмийн дагуу зорчихыг ТЦА-наас анхаарууллаа.


URL: