“Авлига” хорооллын газрын зөвшөөрлийг Д.Сумъяабазар сэргээсэн

6b01eb2730bf424ce39a0fb317f66aaa-1_20240903084921УИХ-ын гишүүн Г.Дамдинням  “Авлига хороолол” гэж нэрлэгдсэн  хууль бус барилгын талаар өөрийн цуглуулсан мэдээллийг  нийтэд дэлгэв.

Тэрбээр “Би сүүлийн хоёр жилийн хугацаанд шударга ёсны төлөө, Улаанбаатар хотын ард иргэдийн ажиллах, амьдрах таатай орчныг бүрдүүлэх, хотын утаа түгжрэлийн үндсэн шалтгаан болсон газрын наймаа, барилгын техникийн нөхцөлүүдтэй холбоотой асуудлын араас хөөцөлдсөн. Хууль бус үйлдлүүдийн тод жишээ бол усан парк баригдах нэрийдлээр орон сууцны хотхон болсон авлигал хороолол. Тус газар усан парк баригдах байсан ч өнөөдөр орон сууц баригдсан. Энэ барилга дээр Монгол Улсын Ерөнхий сайд, хотын дарга, УИХ-ын гишүүд, хууль хяналтын байгууллагууд бүгд очоод дийлэхгүй байгаа. Ийнхүү газрын наймааны гэрэлт хөшөө авлигын бахархалт хөшөө болсон “Авлига хороолол”-ын асуудлыг анхаарч, би тасралтгүй тодруулга аваад явж байна.

Аливаа зүйл цаг хугацаатай. Энэ барилгын асуудлыг цэгцлэх, зогсоох цаг болсон. Монгол Улсад эзэн, хууль, шүүх, төр гэж байгаа бол энэ даварсан үйлдлийг цэглэх ёстой.

Энэ асуудал зогсох цаг болсон. УИХ-ын дарга энэ асуудлаар нээлттэй сонсгол хийе, ажлын хэсэг гаргая гэсэн мэдээллийг өнөөдөр олон нийтэд өглөө. Өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ барилгын асуудлаар миний бие ярихаас гадна холбоотой бүхий л мэдээллийг цуглуулсан. Ерөнхий сайдад асуулга явуулж, тавдугаар сарын 9-нд хариу ирсэн. Энэ хариуг өнөөдрөөс эхэлж би олон нийтэд мэдээлнэ. Зөвшөөрөл олгосон хүмүүсээс  хэвлэл мэдээллийнхэн ч тодруулах нь зүйтэй. Энэ барилгад хэн, хэн давуу эрх олгосноос улсын төсвөөр далангаа хүртэл засуулсан нь сонин. Тус барилгын газартай холбоотой асуудал 2007 оны долдугаар сарын 4-нд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд “Эм энд жи констракшн” ХХК-д төмөр замын дуу чимээнээс тусгаарлах хана босгох, авто замын холболт хийх, үерийн далан барих, инженерийн шугам сүлжээг холбох хүрээнд газар ашиглах зөвшөөрлийг анх олгосон байдаг. Ийнхүү 2008 оны есдүгээр сарын 17-нд Нийслэлийн Засаг дарга Т.Билэгт дунд голын салаа урсгал ус урсдаг 18.8 га газрыг “Эм энд жи констракшн” ХХК-д орон сууцны зориулалтаар ашиглах таван жилийн хугацаатай зөвшөөрлийг олгосон.

Нэг зүйлийг анхаараарай. Дунд голын салаа гэж заасан. Угтаа бүх хуулиар энэ хэсэгт газар олгох хориотой.

Дараа нь 2011 оны гуравдугаар сарын 15-нд Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр тус газрын тус компанийн ашиглах эрхийг эзэмших эрх болгон зөвшөөрөл олгосон. 2013 оны аравдугаар сарын 18-нд Хотын дарга Э.Бат-Үүл Дээд шүүхийн шийдвэрийн дагуу газрын гэрчилгээг А951 тоот захирамжаар тус компанид гэрчилгээг ногоон байгууламж барих зориулалтаар олгосон байгаа юм. Үүний дараа 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд Нийслэлийн Засаг дарга С.Батболд өмнөх захирамжийг өөрчилж А1111 захирамжаа гаргасан байна. 11.8 га газрыг 7.9 га, 2.9 га, 0.26 га гэж нэгж талбай бүхийгээр гурав хувааж тус бүр газрын гэрчилгээ олгосон. Газрын зориулалтыг худалдаа нийтийн үйлчилгээний газрын төв цогцолбор болгон өөрчилсөн. Дараа нь 2020 оны есдүгээр 30-нд Нийслэлийн Засаг даргын үүргийг түр гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Эм энд жи констракшн” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших  эрхийг цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж болгох А1155 захирамж гаргасан.

Ингээд 2022 онд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар А17 тоот захирамж гаргаж “Эм энд жи констракшн” ХХК-д газар эзэмшүүлэх эрхийг сэргээн олгосон. Сэргээхдээ газрын зориулалтыг худалдаа, нийтийн үйлчилгээний газрын төв цогцолбор, орон сууц гэж өөрчилж эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг олгосон байгаа юм. Энэ бол товч мэдээлэл үүний цаана дэлгэрэнгүй маш олон мэдээлэл бий” гэв.


URL: