АНУ-д өвдөгний хагалгаанд орсон Далай лам Энэтхэгт буцаж иржээ

image_2024-08-29_100249354Төвөд буддын шашны удирдагч Далай лам Нью-Йорк хотноо өвдөгний үе солиулах мэс засалд орсныхоо дараа Энэтхэгт буцаж ирсэн байна. 89 настай Далай лам зургаадугаар сарын 28-нд өвдөгний хагалгаанд орсон юм.

Тэрбээр лхагва гарагт /2024.08.28/ газардаж Энэтхэгийн хойд бүсэд оршдог Төвөдийн засгийн газрын төв байранд очсон байна.

Нисэх онгоцны буудал дээр түүнийг олон зуун сүсэгтэн Төвөд болон буддын шашны туг, шон барин угтан авчээ.

Түүний мэс засалд орсон эмнэлгийн насанд хүрэгчдийн сэргээн засах, үе солих албаны дарга, доктор Дэвид Мэйман хагалгааны дараа Далай ламын биеийн байдал сайжирч байгаа гэсэн юм.

Далай ламын хувийн эмч нар түүний мэс заслын дараах эдгэрэл ямар нэгэн хүндрэлгүйгээр явагдсан хэмээсэн байна. Физик эмчилгээний эмч нар түүний бие хурдан сайжирч байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлжээ.

1959 онд БНХАУ-ын дарангуйллын эсрэг хийсэн бослого нь бүтэлгүйтсэний дараа Далай лам Төвөдөөс дүрвэж Энэтхэгийн хойд хэсэгт орших Дарамшала хотод байрлах болсон.

Тэрбээр 2011 онд улс төр болон захиргааны эрх мэдлээсээ албан ёсоор татгалзаж, Төвөдийн төрийн эрхийг сонгогдсон удирдлагад хүлээлгэн гөгсөн байдаг.

Энэтхэг, Непал, Бутан зэрэг улсуудад 100 мянга гаруй Төвөд дүрвэгсэд амьдардаг байна. БНХАУ нь Далай ламыг Төвөдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч хэмээн шүүмжилдэг юм.

Эх сурвалж: ABC News


URL: