Монгол орны бэлчээрийн 33 хувьд даац хэтэрчээ
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ болон бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолов. Зуншлага 8 дугаар сарын 20-ны байдлаар Монгол орны 70 гаруй хувьд сайн, 20 гаруй хувьд дунд зэрэг, цөөн сумдын нутгаар муу гэж үнэлэгдлээ.
Бэлчээрийн даац, нийт нутгаар:
- 47% – Бэлчээрийн нөөцтэй
- 20% – Бэлчээр хүрэлцээтэй
- 21% – Даац 1-3 дахин хэтэрсэн
- 4% - Даац 3-5 дахин хэтэрсэн
- 8% - Даац олон дахин хэтэрсэн байна.
Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй байх бол 33 хувьд хэтэрчээ. Аймгаар нь авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгийн зарим сум, багийн нутгаар даац хэтэрчээ.
Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн (улаан) сумд:
- Баян-Өлгийн Сагсай,
- Увсын Завхан,
- Ховдын Мөст, Мянгад, Буянт,
- Говь-Алтайн Алтай,
- Баянхонгорын Галуут, Баянговь, Баянлиг,
- Хөвсгөлийн Төмөрбулаг, Цагаан-Уул,
- Өвөрхангайн Нарийнтээл, Уянга, Гучин-Ус
Бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн (улбар шар) сумд:
- Баян-Өлгийн Ногооннуур, Цэнгэл, Баяннуур, Алтай,
- Увсын Зүүнхангай, Түргэн,
- Ховдын Чандмань, Манхан, Дөргөн,
- Говь-Алтайн Тайшир, Төгрөг, Цээл, Халиун, Есөнбулаг, Дэлгэр, Бигэр,
- Завханы Баянтэс,
- Баянхонгорын Баацагаан, Бөмбөгөр,
- Архангайн Цэцэрлэг, Ихтамир, Цэнхэр, Булган,
- Хөвсгөлийн Бүрэнтогтох, Галт, Тосонцэнгэл
Нийт нутгийн 21 хувьд даац 1-3 дахин хэтэрсэн (шар) байна.
Бэлчээрийн даац нь тухайн нутагт бэлчээж болох эсвэл бэлчээрийн нөөцөөс хэтэрсэн малын тоог илтгэнэ. Энэ жил зуншлага харьцангуй сайн байсан бүс нутгаар бэлчээр хүрэлцээтэй, нөөцтэй гарсан байна. Гэвч хүйтний улиралд гэнэт хэт хүйтрэх, ахиу хэмжээний цас ороход цасан болон мөсөн зуд нүүрлэж, мал бэлчээх боломжгүй болдог. Иймд ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрсэн аймаг, сумдын малчид хадлан, тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа худалдах, тоог цөөлөх зэрэг арга хэмжээг эртнээс авах шаардлагатай байна.
URL: