Хөлд орохоор хөөрцөглөж буй ПАРЛАМЕНТЫНХАН

Screenshot 2024-08-28 121756Монгол Улсын парламентын түүхэнд анхны 126 гишүүнтэй парламентыг Д.Амарбаясгалан толгойлж буй. Тэрбээр, захирамж гаргаж энэ сарын 15-27-ны өдрүүдэд УИХ-ыг ээлжит бусаар хуралдуулж  “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцээр тогтсон. Угтаа түүний анхны захирамжаар УИХ-ын ээлжит бус чуулган хэлэлцэх асуудлууддаа цэг тавь, ээлжит бус чуулганыг өндөрлүүлэхээр байсан.

Гэвч МАН-д олон ашиг сонирхол бий болсон бөгөөд олон толгойтой могойд орох газар олдохгүй гэгчээр хамтарсан засгийн хэрэгжүүлэх хөтөлбөрөө золтой л унагаачихсангүй. Аргаа барсан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга “гишүүд байр сууриа нэгтгэж ойлголцолд хүрэхэд хугацаа шаардлагатай” гэж завсарлага авав.

Завсарлагаа дахин сунгав. Ямартай ч УИХ-ын даргын гаргасан захирамжийн хугацаанд асуудлаа хэлэлцэж амжихгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон учраас чуулган хуралдах хугацааг сунгасны зэрэгцээ хэлэлцэх асуудлын дараалалд “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг нэмэхээр тогтсон юм. Ойрын өдрүүдэд өрнөж байгаа улс төрийн үйл явцаас харвал, УИХ-ын ээлжит бус чуулган энэ баасан гаригт ч хэлэлцэх асуудлуудаа эцэслэж чадах эсэх нь эргэлзээ дагуулж байна.

УИХ-ын сонгуулийн үр дүнд олонх болсон МАН болоод хамтарсан Засгийн газарт хаяа нийлсэн АН, ХҮН намын гишүүд ч бүлэг дотроо байр сууриа нэгтгэж чадахгүй “зодоон”-той байна.

Энэ удаагийн парламент өмнөх парламентын түүхэнд тохиолдож байгаагүйгээр шөнө дөл болтол хуралдаж, хэлэлцэж, хэрэлдэх бололтой. Тухайлбал, УИХ-ын гишүүд долдугаар сарын 2-нд албан ёсоор тангараг өргөж, үнэмлэхээ гардаж авсан. Түүнээс яг долоо хоногийн дараа өглөө эртлэн хуралдсан чуулган маргааш өдөржин, шөнөжин хуралдаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 22 сайдтай Засгийн газраа байгуулж чадсан. Энэ өдрөөс хойш Засгийн газрын бүтцэд орж чадаагүй УИХ-ын гишүүд ерөнхийдөө амарч, зугаалж, найр наадам хэссээр ээлжит бус чуулгантай золгосон.

Өрөөтэйгөө, ордонтойгоо ч бүрэн танилцаж амжаагүй, байнгын хорооны хуралдаан болох танхимаа ч олохгүй төөрч яваа шинэхэн гишүүд, …УИХ-ын гишүүн болчихвол зөөлөн суудал дээр тухлаж, эрх ямба эдлэдэг гэсэн төсөөлөлтэй шинэхэн гишүүдэд УИХ-ын гишүүн гэдэг тийм ч амархан ажил биш гэдгийг өнгөрсөн хугацаанд бага боловч ойлгуулаад амжсан биз ээ. Зарим нь “Би анх удаа төрийн байгууллага, тэр дундаа хууль тогтоох байгууллагад орж ажиллаж байна. Тиймээс алдаа дутагдал гаргаж, анхааруулга, сануулга авлаа” гэж үнэнээ өчсөн. Ил хэлсэн нь энэ боловч хууль тогтоох байгууллагад ажилладаг гишүүний үүрэг, оролцоо, хариуцлагатай, дөнгөж танилцаж байгаа дадлагжигч гишүүд олон бий.  Ядахад яр гэгчээр УИХ-ын 126 гишүүний үг хэлэх микрофон, санал хураах төхөөрөмж нь байн байн гацчихна. Цахим үндэстэн гэж хэлэхэд ч ичмээр. Байс гээд л “Төхөөрөмж ажлаагүй тул саналыг хүчингүйд тооцож дахин санал хураалт явуулах” горимын саналд УИХ-ын дарга дарагдаж байна. Хэлэлцэх асуудлын хүрээ том, асуулт асууж, үг хэлэх гишүүд олон үед энэ мэт жижиг мэт асуудлууд үнэндээ цагийн гарз болж байна.

Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанаас авахуулаад доголдож, саатсан, гацсан, түгжирсэн улс л байна.

Шөнө болтол хуралдсан ч шийдэлд хүрдэггүй парламентаар Монгол Улсын 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэж амжаагүй байхад Монгол Улсын 2025 оны төсөв хэлэлцэх хуулийн хугацаатай золгох нь.

https://news.mn/r/2746817/


URL: