Иргэд 18-аас доош насны хүүхдийг суррон унаж, замын хөдөлгөөнд орохыг хориглох саналыг дэмжжээ

yutrrХичээлийн шинэ жил эхэлж, замын хөдөлгөөний урсгал нэмэгдэн, энэ төрлийн осол нэмэгдэх хандлагатай байгаа тул 18-аас доош насны хүүхдийг суррон унаж, замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох саналыг Нийслэлийн удирдлага гаргасан. Би уншигчдаасаа энэ талаар асуухад дийлэнх нь Х.Нямбаатар даргын саналыг дэмжжээ.

Хичээлийн шинэ жил удахгүй эхэлнэ. Замын хөдөлгөөний урсгал нэмэгдэж, суррон гэх мэтээс үүдэлтэй осол нэмэгдэх хандлагатай байна. Сурронтой холбоотой осолд ихэвчлэн хүүхдүүд өртөж, бэртсэн тул 18-аас доош насны хүүхдийг суррон унаж, замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох нийслэлийн Засаг даргын саналыг Зам тээврийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд сурронтой холбоотой 515 зам тээврийн осол бүртгэгджээ.

Тодруулбал,

  • 2022 онд 96,
  • 2023 онд 178,
  • 2024 оны эхний долоон сарын байдлаар 241 зам тээврийн осол бүртгэжээ.

Үүний 95 хувь нь нийслэлд бүртгэгдсэн. Суррон, унадаг дугуйтай холбоотой зам тээврийн ослын улмаас 121 хүн гэмтжээ. Зарим улсад сурроныг мотоциклтой адилтган үнэмлэхжүүлж, насны хязгаар заан, зам тээврийн ослоос сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлдэг. Нийслэлийн удирдлагууд сурроныг техникийн болон хурдны үзүүлэлтээр мотоциклтой адилтган, “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, хамгаалалтын малгай бүхий хүн унах зохицуулалтыг хийх саналтай байна. Улаанбаатар залуучуудын хот болсонтой холбоотойгоор сурроныг тээврийн хэрэгсэл хэмээн авч үзвэл насанд хүрсэн хүн хуулийн дагуу замын хөдөлгөөнд оролцож, 18-аас доош насны хүүхдүүдэд тухайн тээврийн хэрэгслийн зориулалтын талбайг нийслэлээс тохижуулахаар тооцоо хийж байгаа юм.

НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган “ГССҮТ-ийн мэдээллээр залуус, өсвөр үеийнхний дунд сурроны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар хөл буюу мөчдийн хугарал, зөөлөн эдийн хөхрөлт няцралт, цээжний хөндийн битүү гэмтэл, хэвлийн эдийн гэмтэл зонхилон тохиолдож байна” гэжээ.


URL: