Шонхор шувуу барьсан гэх гаднын иргэдэд ТОРГУУЛЬ ноогдууллаа

shnhhЦагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.08.19-өөс 08 дугаар сарын 25-ны өдрүүдэд) 39.435 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 277 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:

Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 90, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 9, Өмчлөх эрхийн эсрэг 98, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 2, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 49, бусад 19 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 71.953 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 71.959 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 71.209 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 750 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1734, Танхайрах 112, Хүний биед халдах 56, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 147, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 67.428, бусад 2482 зөрчил байна.

Эдгээрээс удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 147 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 18, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 36, сураггүй алга болсон хүн 63, шүүхээс даалгасан хүн 66, зөрчил үйлдсэн этгээд 10 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:

Цахим орчинд нэр бүхий хаягаас 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Барьсан шонхор шувуунуудаа тавь, Арабуудын унаж явсан тээврийн хэрэгсэл осолдчихлоо” гэх видео мэдээлэл нийтлэгдсэн. Уг асуудлыг Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулж, ”Өвөрхангай аймаг, Тарагт сумын нутаг дэвсгэрт гадаад улсын иргэн зөвшөөрөлгүйгээр тагтаа, ногтруу шувуу барьсан” гэх Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйл (Амьтны тухай хууль зөрчих)-д заасан зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.37 дугаар хэсэгт зааснаар тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт харьяаллын дагуу шилжүүлж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн Катар улсын иргэн S.Kh, Бүгд Найрамдах Ирак Улсын иргэн D.D нарын үйлдэлд тус бүр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.


URL: